“Шинэ тойрог зам” төслийн эхний шат хэрэгжсэнээр хотын түгжрэл 20 хувиар буурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-16 10:14:56

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөг тойруулан гол гудамж замыг барихаар төлөвлөжээ.


Энэ нь “Шинэ тойрог зам” төслийг “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. 


НЗДТГ-ын мэдээлснээр, "Нэгдүгээр тойрог зам" төслийн 24.79 км урттай замын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, авто замын төсөлтэй холбоотой барилга угсралтын ажлын тендерийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас EPC+F нөхцөлөөр зарлажээ.

НТУГ-ын Судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн алба, төслийн гүйцэтгэгч “Си Эс Си И Айком Консалтантс” компанийн хамтарсан судалгаанаас үзэхэд 2030 онд хэрэгжсэнээр Улаанбаатар хотын замын түгжрэл дунджаар 20 хувиар буурах тооцоолол гарсан байна.

Харин хотын захын бүсийг хамарсан, хоёр хэсэг маршруттай "Хоёрдугаар тойрог зам" төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна.  Мөн  гүүрэн байгууламж, дугуйн зам болон явган хүний зам, ногоон байгууламжийг тус төсөлд тусган цогцоор барих аж.

Төслийн нэгдүгээр хэсэг нь баруун талаас буюу 22-ын товчооноос эхэлж Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны эцэс, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дамжин, Баянхошууны уулзварт хүрч, нэгдүгээр тойрог замтай нийлнэ. Хоёрдугаар хэсэг нь зүүн бүсэд байрлах бөгөөд Баянзүрх дүүргийн 24-р хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын замын дагуу яваад Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөж байна.


Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг нийслэлээс үе шаттай хэрэгжүүлж буй.  


関連ニュース