Цэвэр усны эх ундаргын хамгаалалтыг сайжруулахыг зөвлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин экологийн бодлого, Хяналтын хорооны дарга П.Юра, гишүүн М.Жаргалсайхан, Н.Батсайхан нар өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Шарын гол суманд ажиллав.
Тэд сумын ЗДТГ-т ажиллаж тус сумын ашигт малтмалын суурь судалгаа, эрэл хайгуул, ашиглалт, газар түүний хэвлий, ой ус амьтан ургамал, агаар мандал, улсын болон орон нутгийн тусгай хамгааллалттай газар, бэлчээр, тариалангийн газар, геологи уул уурхайн холбогдолтой эрэл, хайгуул, ашиглалтын ажилд тавих байгаль орчны бодлого хяналт ямар байгааг үзлээ. Мөн агаарын бохирдол, хорт бодис, байгаль орчны асуудал, цацрагийн хамгаалалт аюулгүй байдлын болон цаг уур, орчны хяналтын асуудал, усны бодлого, нөөц, усны бохирдол зэрэгтэй танилцсан байна.
Эдгээр асуудлуудын талаар холбогдох мэргэжилтнүүд тус бүрдээ мэдээлэл хийж танилцууллаа. Мод бэлтгэлийн “Элбэг Шарын гол” ХХК, “Баялаг Шарын гол“ ХК, “Домогт Шарын гол” ХХК болон ойн нөхөрлөлүүд, нүүрсний томоохон уурхайнуудын нэг “Шарын гол” ХК, “Дулаан Шарын гол” ХК, алт олборлолтын 10 уурхай, 40 ортой Эрүүл мэндийн төв, төвийн хойд бүсийг хамарсан мэргэжлээс шалтгаалах өвчний 25 ортой сувилал, өрхийн эмнэлэг, 2000 гаруй сурагчидтай Ерөнхий боловсролын 9, 11 жилийн хоёр сургууль, 360 хүүхдийн гурван цэцэрлэг зэрэг 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Ажлын хэсгийнхэн “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн ажилчидтай уулзаж байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, усны ундаргын эх үүсвэрийг хамгаалахын тулд хэрхэн ажиллаж байгаа талаар санал солилцож холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөв.
Тус сумын цэвэр усны эх үүсвэр нь зүүн урд зүгт “Буянтын ам”-анд сумын төвөөс гурван км газарт хоорондоо ойролцоогоор 250 м зайтай байрлах найман гүний худгууд, өргөх станц, нөөц сан, дамжуулах шугам бүхий цогц байгууламжаар сумын төвийн 9000 гаруй иргэд, 117 аж ахуйн нэгж байгууллагуудыг унд болон ахуйн, үйлдвэрлэлийн зориулалттай цэвэр усаар хангах үүрэгтэй ажилладаг байгууллага юм. Уг ажлын хэсгийнхэн энэ бүгдтэй танилцсаны эцэст сумын хэмжээнд байгаль орчныг хамгаалах талаар ахиц дэвшилтэй ажиллаж байгааг сайшаагаад цэвэр усны эх ундаргын хамгаалалтыг сайжруулахад анхаарч ажиллахыг зөвлөсөн юм.
Б.Норовсамбуу