Ерөнхий сайд Г.Занданшатар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-01 13:33:37

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсад хэрэгжиж буй хамгийн том төсөл болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд Ерөнхий сайд Г.Занданшатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар ажиллалаа.


Энэ үеэр Ерөнхий сайд ярихдаа, “Манай улс түлш шатахууны хувьд бие даасан бодлоготой, хангамжтай болох томоохон зорилтын ард гарахын тулд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг ямар нэгэн саадгүй, эрчимтэй урагшлуулах нь чухал. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр Засгийн газрын төлөвлөж буй бусад төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд онцгой нөлөө үзүүлж, эрч хүч нь болох болно. Төсөл хэрэгжүүлэгч Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн удирдлага, хамт олны тууштай хичээл зүтгэл, төслийн менежментийн зөвлөх, ерөнхий гүйцэтгэгч Энэтхэгийн компаниудын шаргуу хөдөлмөр бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй урагшлуулахад гол хүч болж байна. Төслийг гардан гүйцэтгэгч, оролцогч бүхий л компанийн хамт олон, чадварлаг инженер, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж, амжилт хүсье гэв.


Төсөл хэрэгжүүлэгч компанийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, БНЭУ-ын Элчин сайд А.М.Готсурве нар хэрэгжилтийн явцыг дэлгэрэнгүй танилцуулсны дараа Засгийн газрын тэргүүн болон гишүүд төслийн хэрэгжилт, бүтээн байгуулалтын ажил зогсолтгүй, эрчтэй явуулж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, төлөвлөсөн хугацаанд нь буюу 2028 онд үйлдвэрийг ашиглалтад оруулахад бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. 




関連ニュース