АРХАНГАЙ: Баянголын амны “Дөрвөлжингүүд” гэх булшийг 1998 онд анх олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-10-28 17:28:56

Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хотонт сумын нутагт, Орхон голын хойно, Дунд Хутаг уулын арын салбар уулсаас хойш буусан амнуудад өвөрмөц зохион байгуулалт бүхий сонин дурсгалууд байсныг 1998 онд илрүүлэн олсон байдаг.


Х.Пэрлээ Дөрвөлжин хэмээх газарт буй хиргисүүр нэрээр анх тэмдэглэсэн байдаг. Тэдгээр дурсгалууд нь Хулхийн ам, Хундын хоолой, Өвөр хавцал хэмээх газруудад байсан билээ. Дурсгалууд нь гадуураа тэгш өнцөгт хэлбэрийн шороон далантай, далангийн дотор чулуу голлон шороо хольж босгосон овгор байгууламж юм.


Уг дурсгалуудыг нутгийн оршин суугчид “Дөрвөлжингүүд” хэмээн нэрлэнэ.


Дөрвөлжингүүд нь хэдийгээр өөр өөр газарт байгаа хэдий ч тэдгээрийн ерөнхий зохион байгуулалт, шороон даланг хийж бүтээсэн арга, хэлбэр нь хоорондоо ихээхэн төстэй юм. Дөрвөлжингүүд нь уулын араас буусан, зүүн тийш харсан жижиг амнуудад байгаагаараа тэдний байрлал ч мөнхүү ижил юм. Гэхдээ дөрвөлжингүүдийн шороон далангийн дотор буй овгоруудын хэмжээ, өндөр нь зөрөөтэй байжээ.


Дөрвөлжингүүд болон тэдгээрийн орчин тойрноос хээтэй, хээгүй ваар савны хэлтэрхийнүүд, бүтэн болон хагархай тоосгонууд, барилгын шаваасны үлдэц-шохойн лагшин зэрэг зүйлс олдсон байна.


Монгол-Хятадын хамтарсан археологийн судалгааны анги 2005 оны 9 дүгээр сарын 9-15-нд дөрвөлжингүүдийн гаднах төрх байдалтай танилцаж, тэдгээрийн анхны дэвсгэр зураг болон тодорхойлолтыг үйлдсэн юм. Уг хамтарсан судалгааны анги урьд нь илэрч мэдэгдсэн дөрвөлжингүүдийн ойр орчны газруудад эрэл хайгуул хийж, Хиргисүүрийн амны болон Дуганын үзүүрийн дөрвөлжинг шинээр нэмж илрүүлсэн байна.


2007 оны намар Монгол-Хятадын хамтарсан судалгааны ангийнхан Дугана үзүүрийн дөрвөлжингөөс зүүн зүгт 2 км орчим зайд дөрвөлжин байгууламж, 10 шахам булш, чулуун суурьтай, модон баганатай барилгын үлдэц, мөн Өвөр хавцалын аманд үерийн усанд ихэд идэгдэн далан нь мэдэгдэхгүй шахам болсон нэг дөрвөлжинг нэмж илрүүлжээ. Эдгээр дурсгалууд нь Хулхийн ам, Өвөр хавцалын ам, Хундын хоолой, Хиргисүүрийн амны дөрвөлжингүүдтэй нэг үед холбогдох бололцоотой байна гэдгийг Археологийн хүрээлэнгийн гар бичмэл болоод Х.Пэрлээгийн эрдэм шинжилгээний өгүүлэлд дурджээ


関連ニュース