“Physical: Welcome to Mongolia”-гийн талаар мэдэх ёстой зүйлс

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-12-11 17:31:32

ПАРИС, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /Marie Claire/. Америкийн “Netflix” стриминг платформын “Physical: Asia” хүч сорих тэмцээний төгсгөлийн дугаар өнгөрсөн сард цацагдсан боловч оролцогчид нь олон улсын анхаарлын төвд байсаар байна. “The Physical: 100” шоуны үргэлжлэлд найман орны шилдэг тамирчид өөрсдийн хүч чадал, авхаалж самбаагаа сорьсон билээ. 11 дүгээр сарын 18-нд цацагдсан финалын шатанд Өмнөд Солонгос, Монголын багууд өрсөлдсөн юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногуудад уг реалити шоуны шүтэн бишрэгчид, үзэгчдийн дуртай баг болж чадсан Монголын багийг ихээхэн дэмжиж, нийгмийн сүлжээгээр тэднийг дагаж эхэлсэн билээ. 


Өмнөд Солонгосын реалити шоуг зохион байгуулсан баг Монголын багийнхныг илүү их үзэхийг хүсэж буй дэлхийн шүтэн бишрэгчдийн дуу хоолойг сонсжээ. “Physical: Asia”-гийн багийнхан аяллын цуврал нэвтрүүлэг бүтээхээр Монголын нийслэл Улаанбаатар хотыг зорихоор болсныг “Netflix Korea”-гаас 12 дугаар сарын 3-нд зарласан юм. Ингээд “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлгийн талаар мэдэх ёстой зүйлсийг танилцуулъя.

“Physical: Welcome to Mongolia” хэзээ гарах вэ?

“Netflix” компани дөрвөн ангит “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлгийг энэ сарын сүүлчээр нэвтрүүлэх бөгөөд эхний хоёр анги нь 2025 оны 12 дугаар сарын 24-нд, сүүлчийн хоёр анги нь 12 дугаар сарын 31-нд цацагдана хэмээн мэдээлээд байна. Тусгай ангиуд дэлхий даяар гарах эсэхийг стриминг компани батлаагүй байгаа боловч “Physical: Asia”-гийн нэгэн адил дэлхий даяар цацагдах магадлалтай юм.



“Physical: Welcome to Mongolia?” нэвтрүүлэгт хэн хэн эргэн ирэх вэ?

“Netflix”-ийн “Instagram” дахь сурталчилгаанаас харахад “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлэгт Өмнөд Солонгосын багийн ахлагч Ким Дун Хён, “Physical: 100” шоуны хоёрдугаар улирлын ялагч Амотти, Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр, акробатч Э.Лхагва-Очир нар оролцоно.


Мөн жүдогийн тамирчин А.Адьяасүрэн, сагсан бөмбөгийн тамирчин Э.Дөлгөөн, волейболын тамирчин Г.Хандсүрэн зэрэг Монголын багийн ихэнх гишүүд оролцоно гэж таамаглаж байна. Харин холимог тулаанч Б.Энх-Оргил гарах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд тэрбээр зураг авалтын үеэр Тайландад болсон “One Championship” холбооны тэмцээний аварга болсон юм.


Түүнчлэн “Physical: Asia” шоуны үзэгчдийн дуртай нэгэн оролцогч зураг авалтад оролцохоор Австралиас Монголыг зорьсон байна. Тодруулбал, “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлгийн оролцогчид Монгол Улсын Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын зургууд дээр Австралийн багийн хүчирхэг тамирчин Эдди Уильямс байжээ.



“Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлэг юуны тухай байх вэ?

“The Chosun Daily” сонинд мэдээлснээр, “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлэгт Б.Орхонбаярын зохион байгуулсан аяллын талаар өгүүлэх бөгөөд Ким Дун Хён, Амотти нарт “Монгол эх орон”-оо харуулах ажээ. Энэхүү шоу нь “Монгол контентод ихэвчлэн харагддаг ердийн зүйлс бус, харин монголчуудын чөлөөт цагаа өнгөрүүлдэг газрууд болон тэдний байнга очдог алдартай хоолны газруудыг харуулсан “жинхэнэ монгол маягийн аялал”-ыг үзүүлэхээ амлаж байна гэж тус сонинд бичжээ.


Мөн Монголын хээр талаар аялах, нум сум харвах, морь унах зэрэг уламжлалт зүйлсийг хийхээс гадна Монголын багийнхан хувийн үйл ажиллагаануудыг зохион байгуулна хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал, “Орхонбаярын бэлтгэлийн онцгой аргууд” болон Э.Лхагва-Очирын бэлтгэсэн “монгол гэр бүлийн гэрийн хоол” зэргийг дурдсан байна.

関連ニュース