Монгол, Литвын Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-12-11 17:11:23

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. ​Монгол Улс, Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн VII зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод энэ сарын 10-нд болов.


​Зөвлөлдөх уулзалтаар хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засаг, гадаад бодлогын зорилтуудыг харилцан танилцуулж, Монгол, Литва Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Талууд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тухайлбал олон улсын ачаа тээвэр, логистикийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн боловсрол, соёл, хөдөө аж ахуй зэрэг салбарт тэлэх боломжийн талаар ярилцлаа.


​Түүнчлэн хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны баримт бичгүүдээр яриа хэлэлцээг эрчимжүүлэх, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлж ажиллахаа талууд нотоллоо. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, литвын талаас Гадаад хэргийн дэд сайд Видмантас Вербицкас нар тус тус тэргүүлж ажиллав гэж ГХЯ-наас мэдээллээ.


 

関連ニュース