Сөүл Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-02 18:02:11

СӨҮЛ. /Пхеньян/. Энэ оны есдүгээр сард тав дахь удаагаа цөмийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан  Өмнөд Солонгос Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авчээ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээгээ лхагва гарагт эрс чангатгасны дараа Сөүл мөн хориг арга хэмжээгээ чангатгалаа.

Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд “НҮБ-ын гишүүн улсууд Умард Солонгосоос жилд 7.5 сая тонн буюу 400 сая долларын мөнгөн дүнгээс давсан хэмжээний нүүрс импортлохыг хориглоно” гэж заажээ. Энэ нь одоо тус улсаас импортолж байгаа нүүрсний тал хүрэхгүй хувь гэсэн үг. Мөн мөнгө, зэс, никель зэрэг ашигт малтмалыг тус улсаас импортлохыг хориглосон юм.

Тэгвэл Өмнөд Солонгос өнөөдөр Пхеньяны эсрэг хориг арга хэмжээгээ чангатган санхүүгийн гүйлгээ хийхийг хориглосон хувь хүмүүсийн тоог 79, байгууллагуудын тоог 69 болгон нэмэгдүүлжээ.

Өмнөд Солонгосын санхүүгийн байгууллагуудтай харилцахыг хориглосон хүмүүсийн жагсаалтанд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны ойрын хоёр туслах болох Солонгосын хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүн Чой Рён Хэ болон Солонгосын Ардын армийн Улс төрийн ерөнхий удирдах газрын захирал Хван Рён Сог оруулжээ.

Мөн нүүрс экспортлохоос гадна хатуу валют олохын тулд хүмүүсийг гадаад улс орнуудад ажиллуулдаг худалдааны нэгэн компанийг хар дансанд оруулсан байна.

Түүнчлэн Умард Солонгосын боомтууд руу нэвтэрсэн гадаад улс орнуудын хөлөг онгоцуудыг Өмнөд Солонгосын боомтууд руу нэвтрэхийг хориглосон хугацаа 180 хоног байсныг нэг жил болгон сунгажээ.

АНУ болон Япон улс мөн Умард Солонгосын эсрэг шинээр хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Г.Доржханд

関連ニュース