Д.Трамп Тайванийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-03 12:33:17

ВАШИНГТОН. /Kyodo/. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэньтэй баасан гарагт утсаар ярьжээ. АНУ болон Тайвань дипломат харилцаагүй учир хоёр талын удирдагчид урьд өмнө нь ингэж утсаар ярьж байсан тохиолдол  байхгүй аж.

Эдийн засаг, улс төр болон аюулгүй байдлын салбарт хоёр тал хоорондын харилцааг бэхжүүлэхээр тэд тохиролцсон байна.

Тайванийн Ерөнхийлөгчийн тамгын газраас өнөөдөр гаргасан мэдэгдэлд “АНУ болон Тайванийн удирдагчид 10 орчим минут утсаар ярьсан. АНУ-тай харилцаагаа бэхжүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхийлөгч Цай илэрхийлсэн” гэжээ.

Мөн олон улсын асуудлаар бусад улстай хэлэлцээ хийхэд Тайвань нэгдэхэд туслахыг тэрбээр АНУ-аас хүссэн байна.

АНУ 1979 онд Хятад улстай дипломат харилцаа тогтоож, Тайваньтай харилцаагаа тасалсан юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, талууд харилцаагаа тасалнаас хойш удирдагчид нь анх удаагаа утсаар ярьсан нь энэ ажээ.

Тайванийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьсныг БНХАУ-ын Засгийн газар шүүмжилж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Цай Инвэньтэй утсаар ярьсныг “Нэг Хятад” зарчмыг үл тоомсорлосон хэрэг, өдөөн хатгалга гэж Бээжин үзэж магадгүй. Учир нь Тайванийг улсынхаа газар нутгийн нэг хэсэг гэж БНХАУ үздэг билээ.

Г.Доржханд

 

関連ニュース