Узбекистанд ерөнхийлөгчийн сонгууль болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-04 10:59:44

ТАШКЕНТ. /KAZINFORM/. Узбекистанчууд шинэ ерөнхийлөгчөө сонгохоор өнөөдөр саналаа өгч байна.

Нийтдээ 9383 санал өгөх байр, тэдгээрийн дотор гадаад улс орнууд дахь 44 санал өгөх байранд тус улсын ард иргэд очин саналаа өгч байна. Санал авах байрнууд орон нутгийн цагаар өглөөний 06:00 цагт нээгдсэн бөгөөд оройн 20:00 цагт хаалгаа барих аж.

Узбекистаны 18 ба түүнээс дээш насны 21.435 сая иргэний нэрс сонгогчдын нэрсийн жагсаалтанд багтжээ. Санал авах байрнуудыг харилцаа холбооны хэрэгслүүд, технологи гээд шаардлагатай бүхий л зүйлээр тоногложээ.

Узбекистан улсын 27 жил удирдсан Ерөнхийлөгч  Ислам Каримов өвчний улмаас энэ оны есдүгээр сарын 2-нд 79 насандаа таалал төгссөнөөр тус улс 12 дугаар сарын 4-ний энэ өдөр ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулахаар болсон юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн дөрвөн нам, тодруулбал Узбекистаны Либерал-Ардчилсан нам, Ардын ардчилсан нам, Үндэсний сэргэлтийн нам болон Социал-Демократ намын нэр дэвшигчид өрсөлдөж байна. Тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Шавкат Мирзиёев  Узбекистаны Либерал-Ардчилсан намаас, Үндэсний сэргэлтийн намаас Сарвар Отамуратов, Социал-Демократ намаас Нариман Умаров болон Ардын ардчилсан намаас Хотамзхон Кетмонов нар өрсөлдөж байна. Төрийн тэргүүнээр сонгогдсон хүн тус улсыг таван жилийн хугацаанд удирдана. Нийт сонгогчдын наад зах нь 33 хувь нь саналаа өгсөн тохиолдолд сонгуулийн дүнг хүчинтэйд тооцох ажээ. Харин нэр дэвшигч 50-аас дээш хувийн санал авсан тохиолдолд ялагч болно. Шавкат Мирзиёев сонгуульд ялах магадлал тун өндөр байна.

Тус улсын сонгуульд 80 мянга орчим ажиглагч, тэдний дотор  43 улс болон ШХАБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагын 500 гаруй төлөөлөгч хяналт тавьж байна. Мөн дотоод болон гадаадын 1300 орчим сэтгүүлчид сонгуулийг сурвалжлах зөвшөөрөл олгожээ.

Сонгуулийн урьдчилсан дүн маргааш буюу 12 дугаар сарын 5-нд гарна.

Г.Доржханд

 

関連ニュース