Сум орон нутаг уул уурхайн компаниудтай дур мэдэн гэрээ байгуулдаг байдлыг таслан зогсооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-15 20:18:49

Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Ээлжит хуралдааны эхэнд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн 37 компанид мэргэжлийн байгууллагуудын хийсэн хяналт шалгалтаар гарсан зөрчил дутагдал, нөхөн сэргээлт, орон нутагт төвлөрүүлэх усны төлбөрийн талаар мэдээллийг авч хэлэлцсэн байна. Хуралдаанд Засаг даргын зөвлөлийн гишүүд, МХГ, БОАЖГ-ын ажлын хэсгүүд, Хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцсон.

Зөвлөлийн хурлаар 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлүүлэн сум орон нутаг уул уурхайн компаниудтай дураараа гэрээ байгуулдаг байдлыг таслан зогсоох, орон нутаг хандив тусламж дэмжлэг авдаг явдлыг байхгүй болгохоор тогтлоо. Мөн Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн бүх үйл ажиллагаа хуулийн хэм хэмжээнд явуулах захирамж гарган мөрдөж ажиллахыг шат шатны удирдлагуудад үүрэгдэв.

Сонирхуулахад, Ирэх оны 1 дүгээр сард Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн бүх аж ахуйн нэгжийг оролцуулан Уул уурхайн аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулахаар тогтлоо.

Б.Мөнхзул

関連ニュース