Умард Солонгос руу чиглэсэн радио нэвтрүүлгийн хөтөлбөрөө идэвхжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-12-20 14:51:00

ТОКИО. /Atimes/. Японы Засгийн газар ирэх санхүүгийн жилд Умард Солонгост хулгайлагдсан япончуудтай холбоотой асуудлыг хөндсөн богино долгионы радио хөтөлбөрийг олон давтамжтай явуулахаар төлөвлөж байна гэж Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихиде Суга мэдэгдэв.

“Furusato no Kaze” буюу “Төрөлх нутгийн салхи” нэртэй энэ хөтөлбөр нь Умард Солонгос болон хулгайлагдсан япончуудын асуудлаар Японы засгийн газрын явуулж буй бодлогын талаарх мэдээ мэдээллийг япон, солонгос хэлээр түгээдэг байна. Үүний зэрэгцээ хулгайлагдсан иргэдийн найз нөхөд, гэр бүл, төрөл төрөгсдийн илгээсэн захиа, илгээлтүүдийг уншиж, алдартай япон дуунуудыг дамжуулдаг аж.

Энэ тухай мэдээллийг Японы Засгийн газар албан ёсны цахим хуудсандаа нийтэлсэн байна.

Д.Нямтулга

 

関連ニュース