Ф.Кастрог 20 дугаар зууны хамгийн шилдэг удирдагчдын нэг гэж үнэлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-12-21 13:13:41

НҮБ. /Foxnews/. Фидель Кастро бол 20 дугаар зууны хамгийн алдартай, нөлөө бүхий удирдагчдын нэг мөн гэж түүнийг дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний үеэр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ерөнхийлөгч Питер Томпсон мэдэгдэв.

“Ф.Кастро дэлхийн өмнөд тал бөмбөрцөгт тусгаар тогтнол, шударга ёс, хөгжлийн төлөөх тэмцлийг бодит үйл хэрэг болгосон. Тэрбээр шударга ёсны төлөөх тэмцлийн бэлгэ тэмдэг болж, Латин Америк, Африк болон бусад бүс нутгийн ард түмэнд урам зориг өгсөн юм” гэж Питер Томпсон Ерөнхий Ассамблейн танхимд цугласан олонд хандан хэлжээ.

Өнгөрсөн сарын 25-нд 90 насандаа таалал төгссөн түүнийг улс орон, байгууллагуудын 30 орчим төлөөлөгч магтан дурсаж байсан боловч Өрнөдийн орнуудаас түүнийг сайшаах нэг ч хүн байсангүй.

Харин удахгүй албан тушаалаа өгөх гэж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлэхдээ “Ф.Кастро бол 20 зууны үеийн Латин Америкийн хамгийн гарамгай удирдагчдын нэг бөгөөд 19 дүгээр зууны сүүлчээр Кубын тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан Хосе Мартигаас хойш гарч ирсэн Кубын хамгийн нөлөө бүхий эрхэм юм” гэсэн байна.

Ф.Кастро Хосе Мартиг баатар хэмээн үздэг байжээ.

Д.Нямтулга

 

 

 

 

関連ニュース