Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохын төлөө байгаа гэдгээ Хятад улс мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-03 17:30:09

БЭЭЖИН./TASS/. БНХАУ-ын удирдлага Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж байна гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Гөн Шуан мэдэгдлээ. Энэ бол АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп БНХАУ-ыг шүүмжилсний хариуд хийсэн мэдэгдэл юм.

“Бид Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, тус бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, Солонгосын асуудлыг яриа хэлцээний замаар шийдвэрлэхийн төлөө байна” гэж Гөн Шуан мэдэгдсэн байна. Тэрбээр цааш нь хэлэхдээ “ талууд байдлыг хурцатгах алхам хийхээс зайлсхийж, хэлэлцээний ширээний ард суухын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй” гэжээ.

Хятадын тал АНУ-тай хийж буй худалдаанд шударга бус хандлага гаргаж байна гэсэн Д.Трампын шүүмжлэлийн хариуд Гөн Шуан мэдэгдэхдээ “Хятад-Америкийн худалдааны харилцааны үндэс суурь бол харилцан ашигтай байх явдал билээ. Харилцан бие биенээ хүндэтгэх, тэгш эрхийн үндсэн дээр, зөвшилцлийн замаар үүссэн асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн байна.

Д.Трамп твиттер хуудсандаа бичихдээ “Хятад улс Вашингтоныг хохироосон шударга бус үйлдэл гаргаж байна, мөн Умард Солонгосын цөмийн асуудлыг шийдвэрлэхэд туслахаас татгалздаг” гэж шүүмжилж байсан билээ.  Хятадууд үндэснийхээ валютын ханшийг зохиомлоор зохицуулж, Америкийн бараанд шударга бусаар илүү өндөр татвар ногдуулж байгааг тэрбээр нэг бус удаа буруушааж байв.

Г.Доржханд

関連ニュース