Д. Трамп хүргэнээ ахлах зөвлөхөөр томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-10 11:06:38

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өөрийн хүргэн болох Жаред Кушнерыг Цагаан ордны ахлах зөвлөхүүдийн нэгээр томилжээ.

35 настай Кушнер бол Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг юм. Түүний шинэ ажил нь дотоод болон гадаад бодлогын аль алиныг хамарна.

Д.Трампын ууган охин болох Иванкатай гэрлэсэн Кушнер бизнесийн талаар өргөн мэдлэгтэй нэгэн аж.

Түүнийг ахлах зөвлөхөөр томилсноо эргэн харахыг Ардчилсан намынхан уриалаад “хамаатан саднаа албан тушаалд томилохгүй байх тухай хууль болон үүсч болзошгүй ашиг сонирхлын зөрчлийг харгалзан үзэх хэрэгтэй” гэжээ.

Д.Трамп өмнө нь хүргэнээ “миний онцгой хөрөнгө” гэж магтаад “шинэ засаг захиргаанд гол удирдах үүргийг даатгахдаа би бахархалтай байх болно” гэж байжээ.

Нью-Йоркийн бизнесмэн, тэрбумтан Д.Трамп энэ сарын 20-нд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх юм.

Төрөл төрөгсдөө засгийн газрын албан тушаалд томилохыг хориглох тухай хууль нь Цагаан ордны албан тушаалд хамаарахгүй гэж Д.Трампын багийн гишүүд үзэж байна.

Мөн засгийн газрын албан тушаалтнууд ямар нэгэн бизнес эрхэлж, ашиг хүртэж болохгүй гэсэн ёсзүйн хууль байдаг аж.

Үүнтэй холбоотойгоор Кушнерын өмгөөлөгч  өмнө нь мэдэгдэл хийхдээ “хэрвээ Кушнер Цагаан ордонд ажиллахаар болбол үл хөдлөх хөрөнгийн бизнесийн компанийн захирлын албан тушаалаа шилжүүлэн өгнө” гэж байсан юм.

Г.Доржханд


 

関連ニュース