АНУ, Мексикийн Ерөнхийлөгч нар утсаар ярьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /АР/. АНУ болон Мексикийн Ерөнхийлөгч нар хилийн дагуу хана барихтай холбоотой санал зөрөлдөөнөө яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхээр тохиролцжээ.
Дональд Трамп, Энрике Пена Ньето нар баасан гарагт нэг цагийн турш утсаар ярьсан байна. Тэд ирэх долоо хоногийн мягмар гарагт уулзахаар төлөвлөсөн байсан ч өнгөрсөн пүрэв гарагт уулзалт цуцлагдсан билээ.
Цагаан ордон болон Мексикийн Засгийн газрын мэдэгдсэнээр, хоёр улсын төрийн тэргүүн нар АНУ-ын Мексиктэй хийж байгаа худалдааны алдагдал, хоёр талын харилцааны ач холбогдол болон мансууруулах бодис ба зэвсэг хууль бусаар наймаалж байгааг зогсоохын тулд хоёр улс хамтран ажиллах зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Д.Трамп утсаар ярьсныхаа дараа сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “бид “маш нөхөрсөг” хэлэлцээ хийсэн” гэжээ. Тэрбээр цааш нь ярихдаа “Мексиктэй залгаа хилийн хяналт зөөлөн бөгөөд сул байна. Энэ хилээр манай улс руу хар тамхи цутгаж байна. Би үүнийг зөвшөөрөхгүй” гэсэн байна.
АНУ-Мексик-ийн хилийн дагуу 3200 км урт хана барих мөнгийг гаргахыг Д.Трамп Мексикээс шаардсаар байгаа юм. Харин Мексикийн Ерөнхийлөгч Пена Ньето хананы мөнгийг өгч чадахгүй гэдгээ илэрхийлсэн билээ. Мексикийн Засгийн газар мэдэгдэхдээ “энэ асуудлын тухайд одоохондоо олон нийтэд мэдээлэл өгөхгүй байхаар хоёр улсын төрийн тэргүүн нар тохиролцсон” гэв. Цагаан ордон ч энэ асуудлын тухай дурдсангүй.
Г.Доржханд