Хүний хамгийн эртний өвөг нь жимсний ялаанаас ч жижигхэн байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНСИАНЬ. /Xinhua/. Одоогоос 535 сая жилийн тэртээд хамаарах, далайд тэнгист амьдардаг байсан, жимсний ялаанаас ч жижигхэн нэгэн бяцхан амьтныг эрдэмтэн судлаачид олж илрүүлжээ. Энэ амьтныг олон амьд организм, тэдгээрийн дотор хүн төрөлхтний хамгийн эртний өвөг дээдэс байж магадгүй гэж судлаачид үзэж байна.
Хятадын Баруун хойдын их сургууль, Кэмбрижийн их сургууль болон бусад байгууллагын судлаачид электрон микроскопын тусламжтайгаар энэ амьтныг олж илрүүлжээ. Энэ олдворын талаарх мэдээллийг шинжлэх ухааны “Nature” сэтгүүлийн цахим хуудсанд нийтэлсэн байна.
“Saccorhytus” гэдэг 1 мм орчим хэмжээтэй энэ амьтныг Хятадын баруун хойд нутгийн Шэньси мужийн Кэмбрийн галвын үед хамаарах чулуужсан биетүүд ихээр олддог газраас олж илрүүлсэн аж.
Энэ амьтан нь баг шиг хэлбэртэй бөгөөд том амтай боловч анус буюу хошногоны нүхгүй байжээ. Биен дээгүүрх хэд хэдэн нүхээрээ ус болон ялгадсыг гадагшлуулдаг байсан бололтой.
“Хамгийн эхлээд бяцхан амьд организмууд, дараа нь загас тэргүүтэн, хамгийн сүүлд нь хүн төрөлхтөн бий болсон” гэж Хятадын ШУА-ийн эрдэмтэн, судалгааны багийн ахлагч Шу Дөгань ярилаа.
Г.Доржханд