Британичууд Д.Трампын айлчлалыг эсэргүүцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-02-01 10:48:40

ЛОНДОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британид төрийн айлчлал хийх гэж байгааг эсэргүүцэн 1.7  сая орчим хүн өргөх бичигт гарын үсэг зуржээ. Үүнтэй холбогдуулан Их Британийн хууль тогтоогчид хэлэлцүүлэг хийх гэж байна.

Их Британийн парламент ирэх сарын 20-нд энэ асуудлаар хэлэлцүүлэг хийхээр өчигдөр шийдвэрлэжээ. Аливаа өргөх бичигт 100 мянган хүн гарын үсэг зурсан тохиолдолд тухайн асуудлыг парламентаар хэлэлцдэг аж.

Тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ “Хатан хаан Элизабет Д.Трампыг энэ оны сүүлчээр Их Британид төрийн айлчлал хийхийг урьсан” гэсэн юм.

Ойрхи Дорнод болон Африкийн долоон улсын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг түр хориглох тухай шийдвэрийг Д.Трамп гаргаснаас хойш түүнийг Их Британид айлчлахыг эсэргүүцсэн өргөх бичигт гарын үсгээ зурсан хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна. Д.Трамп бол хатан хаан Элизабетын хүндэтгэлийг хүлээхээр хүн биш гэж британичууд үзэж байна.

Мөн Д.Трампын шийдвэрийг эсэргүүцэн Их Британи даяар эсэргүүцлийн жагсаал болжээ.

Тус улсын Консерватив намын зарим хууль тогтоогч хэлэхдээ “Д.Трамп парламентад үг хэлэхийг бид зөвшөөрөхгүй” гэв.

Харин Ерөнхий сайд Тереза Мэй өнгөрсөн долоо хоногт АНУ-д айлчлах үеэрээ “АНУ бол Их Британийн ойрын холбоотон. Манай хоёр улс бол онцгой харилцаатай улс орнууд” гэсэн юм.

Г.Доржханд

 

 

関連ニュース