Украинд байлдааны ажиллагааг нэн даруй зогсоохыг НҮБ уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ./TASS/.Байлдааны ажиллагаагаа нэн даруй зогсоож, асуудлыг энхийн аргаар шийдвэрлэх хүчин чармайлтаа дахин сэргээхийг НҮБ-ын зүгээс Украины зүүн хэсэг дэх сөргөлдөгч талуудад уриаллаа. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдэв.
Донбасс дахь тусгаарлах шугамд болсон мөргөлдөөн нь “Минскийн тохиролцоог шууд зөрчсөн явдал” хэмээн тэрбээр дүгнэлээ. “Сүүлийн өдрүүдэд Украины зүүн нутгийн Авдеевка, Ясиновата, Донецк зэрэг районуудад байлдааны ажиллагаа ширүүсч байгаад НҮБ маш ихээр түгшиж байна. Нэн ялангуяа байлдааны ажиллагаа явагдаж буй бүсэд бүслэлтэнд орсон энгийн номхон оршин суугчдын хувь заяа ихээр санаа зовоож байна. Хүчирхийлэл гаарч байгаа нь Минскийн тохиролцоог шууд зөрчиж байгаа хэрэг” гэж Дюжаррик цохон тэмдэглэв. Тэрбээр Донбассын мөргөлдөөнийг зохицуулах талаар ЕАБХАБ, “Нормандын дөрвөл” болон бусад санаачилга, хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Сүүлийн хоёр хоногт Авдеевка хот, Ясиноватая суурингийн орчимд Донбассын тусгаарлах бүсэд гарсан зэвсэгт мөргөлдөөний тоо эрс нэмэгджээ. Ийм нөхцөл байдал үүссэнд Украины эрх баригчид Донецкийн сайн дурынхныг буруутгасан бол тус улсын ерөнхийлөгч Петр Порошенко ХБНГУ–д хийж байсан айлчлалаа зогсоохоос аргагүйд хүрсэн байна.
Харин өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард улсын батлан хамгаалах яамны мэдээлснээр, ням гарагийн орой Украины цэргүүд тус бүгд найрамдах улс руу довтолж эхэлсэн бөгөөд эсэргүүцэлтэй тулгаран анхны байрлалдаа буцахаас аргагүйд хүрчээ.
Украины зүүн хэсэгт байдал хурцадсантай холбоотойгоор НҮБ–ын Аюулгүйн Зөвлөл мягмар гарагт хаалттай хуралдаан хийсэн байна.
О. Барс