В.Наговицын бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө ажлаа хүлээлгэж өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-02-07 12:37:26

УЛААН-ҮД. /TASS/. ОХУ-ын Буриад улсын тэргүүн Вячеслав Наговицын мэдэгдэхдээ, ажлаа хүлээлгэж өгөх хүсэлтээ ойрын хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгчид өгөх болно гэлээ. 

“Би хоёр удаа бүрэн эрхийнхээ хугацааг гүйцээсэн. Гуравдахь удаагаа дахин сонгогдох боломжтой боловч нөхцөл байдлыг харахад Бүгд Найрамдах Буриад улсад өөрчлөлт хэрэгтэй гэсэн байр суурь байгаа нь анзаарагдаж байна” хэмээн Наговицын хэлэв.

Тэрбээр цааш нь ярихдаа “би өөрийнхөө хувьд цорын ганц зөв шийдвэрийг гаргасан. Би өөрийгөө бүрэн эрхийнхээ хугацаанд үнэнч шударгаар ажилласан гэж үзэж байна. Иймд одоо хангалттай. Дэлхий даяар бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр удаа ажилладаг зарчмыг баримталж байна шүү дээ. Сэлгэх сонгууль /ротац/ явагдаж байх ёстой. Ийм сонгуулиар шинэ давалгаа гарч ирдэг” гэжээ.

Өдгөө 60 настай Вячеслав Наговицын Буриад улсын тэргүүнээр хоёр бүрэн эрхийн хугацаанд ажиллажээ. Үүнээс өмнө тэрбээр Томск мужийн засгийн газрыг тэргүүлэхийн зэрэгцээгээр Томск мужийн засаг захиргааны тэргүүний /захирагч/ нэгдүгээр орлогчийн албан тушаалыг хавсран гүйцэтгэж байжээ.

2007 оны 6 дугаар сард Ерөнхийлөгч Владимир Путин түүний нэрийг Буриадын Ерөнхийлөгчид дэвшүүлэн Буриадын парламентаар хэлэлцүүлсэн юм.

Мөн сард Буриадын парламентын депутатууд нэр дэвшигчийг баталж, улмаар 7 дугаар сард В.Наговицын Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж эхэлжээ.

О. Барс

 

関連ニュース