Башар Асадыг цуст дарангуйлагч гэх болсны учир

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-02-09 09:01:43

ЛОНДОН./BBC/. Сирийн эрх баригчид олныг хамарсан залхаан цээрлүүлэлт явуулснаар дахиад л гол буруутан болов.Amnesty International байгууллагын саяхан нийтэлсэн илтгэлд Дамаскийн ойролцоох Сайедная шоронд 5-13 мянган хоригдлыг шүүхээр оруулалгүйгээр шууд цаазалсан болохыг дурджээ.  

Харин Сирийн албаны хүмүүс хоригдлуудыг тамлан зовоосон эсвэл шүүхээс гадуур цаазалсан гэдэг баримтыг удаа дараа няцаасаар ирсэн юм. Гэсэн хэдий ч Сирид хүмүүсийг үй олноор нь залхаан цээрлүүлж байгаа талаарх илтгэлүүд улам бүр олноор нийтлэгдэх болжээ.

BBC-ийн Орос дахь салбар энэ талаар олон баримт мэдээлэл цуглуулж чадсан бөгөөд эдгээрийн үндсэн дээр Өрнөдийн улс орнууд, хүний эрх хамгаалагчид Башар Асадын засгийн газрыг залхаан цээрлүүлэлт үйлдсэн гэж буруутгаж байгаа юм.

Мухардалд орсон шинэчлэл

Сирийн засгийн эрхийг 30 жилийн турш  барьсан эцэг Хафез Асадыг нас барсны дараа 2000 онд Башар Асад түүний албан тушаалыг өвлөн авчээ. Засгийн эрхэнд гарсныхаа эхний жилд багагүй шинэчлэлийг хийснээр анхны чөлөөт сонин хэвлэгдэн гарч, кабелийн телевиз, FM радио бий болж, хүний эрхийг хамгаалах бүлгэмүүд ажиллаж эхэлжээ. Мэдээллийн хэрэгслүүдээр шүүмжилсэн нийтлэлүүд гарах болж, улс төрийн хэлэлцүүлэг явагдаж, төрийн бус их сургуулиуд байгуулагдаж, Дамаск хотод анх удаа хувийн банк нээгдлээ.

Башар Асад 2000 оны 11 дүгээр сард  улс төрийн 600 хоригдлыг шоронгоос суллав.

Засгийн газрын бүрэлдэхүүн бага багаар өөрчлөгдөж эхэлсэн ба олон жилийн хугацаанд анх удаагаа сайд нарын танхимын бүрэлдэхүүний ихэнхийг нь офицерууд бус харин 50 хүртэлх насны энгийн албан хаагчид бүрдүүлэх болжээ.

Харамсалтай нь энэ нааштай уур амьсгал удаан үргэлжилсэнгүй.

Ингээд 2001 онд шинэтгэлийг эрчимжүүлэх төдийгүй 1962 онд тогтоосон онц байдлыг цуцлах асуудлыг хөндөн тавьж байсан “Дамаскийн давалгаа” хөдөлгөөний гишүүдийг баривчилжээ. Улмаар лалын идэвхтнүүд, курдүүдэд олон жилийн ял оноосон тохиолдол цөөнгүй удаа гарав .

Башар Асад эдийн засгийн шинэчлэлийг хийж эхэлсэн боловч энэ шинэчлэлийн үр шимийг зөвхөн дээд зиндааныхан, эрх баригч ангийнхан хүртсэн гэдэг дээр ажиглагчид санал нэгджээ. 

Шинжээчдийн үзэж байгаагаар, шинэчлэлийг явуулахад Хафез Асадын үеийн улстөрийн нөлөө бүхий “хуучны хүрээллийнхэн” зориуд саад тотгор учруулж байлаа.

Түүний зэрэгцээ Башар Асадад түүний ах Махер, Сирийн нөлөө бүхий бизнесмэнүүдийн нэг болох үеэл ах Рами Махлуф нар дарамт шахалт үзүүлэх болов. Тусгай албаныхан Сирийн оршин суугчдыг шүүхийн ямар нэгэн тогтоол шийдвэргүйгээр баривчлах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан төдийгүй тэднийг удаан хугацаагаар хорьж байв.

Эсэргүүцлийн замд

Хүний эрхийг хамгаалагчдын 2009, 2010 оны илтгэлд Сирид хүний эрхийг маш ихээр зөрчиж байгаа талаар дурджээ. Гэхдээ тухайн үед улс төрийн зорилгоор хүмүүсийг цаазаар авч байгаа, улс төрийн аллага болон тэрс үзэлтнүүдийг олноор нь шоронд хорьдог байсан талаар огт яригддаггүй байсан юм.

“Эсэргүүцлийн хөдөлгөөн эхлэх үед хэдийгээр Сирийн эрх чөлөөгүй байдлын үзүүлэлт маш өндөр байсан боловч зарим улс орнуудад бол энэ нь хэвийн зүйл байсан, үүнийг хөрш орнуудын байдлын талаарх хүний эрхийн байгууллагуудын тайлангаас харж болно” гэж Carnegie.ru-ийн Москва дахь төвийн ерөнхий редактор Александр Баунов ярьж байна.

Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан 2011 оны 3 дугаар сард Сирийн өмнөд нутгийн Дераа хотод эхлэв. Жагсагчид онц байдлыг цуцалж, улс төрийн шинэчлэлийг хийж эхлэхийг шаардаж байлаа. Эсэргүүцлийн жагсаалыг харгис хэрцгийгээр дарсан ба зарим мэдээгээр 100 гаруй хүн амиа алджээ.

“Гэсэн ч төв засгийн газрыг тэднийг шийтгээгүй юм. Хүчнийхэн ба хотынхон хоёроос эрх баригчид хүчнийхнийг сонгож авсан, учир нь хэрвээ хотынхныг сонгох аваас дараагийн удаад эрх баригчдыг хэн хамгаалах вэ дээ” хэмээн Баунов тайлбарлажээ.

Сирийн засгийн газар улс төрийн эрс шинэчлэл хийнэ гэж амлаж байсан ч энэ нь эсэргүүцлийн давалгааг зогсоож чадсангүй.

Залхаан цээрлүүлэлтийн түүх

Сирийн эрх баригчид хэдэн арван жилийн турш өөрөөр сэтгэгчдийг нухчин дарах хэрэгсэл болгон тамлан зовоох, ор сураггүй алга болгох зэрэг аргыг хэрэглэсээр ирсэн гэж Amnesty International нотолж байгаа юм.

Сирийн шоронгуудад тамлан зовоох 35 аргыг байнга ашигладаг байсныг 1987 онд Amnesty International тогтоожээ. “Гэхдээ 2011 оноос саатуулагдсан хүмүүсийн эсрэг Сирийн засгийн газрын гаргасан зөрчил нь цар хүрээгээрээ ч тэр, хүндийн зэргээрээ ч тэр эрс өссөн” гэж хүний эрхийг хамгаалагчид онцлон тэмдэглэсэн байна.

2014 оны 1 дүгээр сард Сирийн шоронд хоригдож байсан гэрэл зурагчин 11 мянга орчим хүний цогцосны зургийг нийтэлжээ.

Энэ олон хүнийг барагцаагаар 2011-2013 онуудад  Засгийн газрын хяналтад байдаг Сирийн цэргийн эмнэлэгт цаазалсан бөгөөд энэ тухай Сирийн сөрөг хүчнийг дэмждэг Катарын засгийн газрын захиалгаар бэлтгэсэн илтгэлд тодорхой дурдсан байгаа аж.

Сирийн шоронгууд дахь аймшигтай дүр зургуудыг тэнд тамлуулж байсан Сирийн зураачийн зурсан зургаас харж болно.

Тэрбээр ярихдаа, нэгэн камерт 10-аад нүцгэн хоригдлуудын хамт хоригдож байсан түүний дэргэд үхсэн хүмүүсийн цогцсыг бөөнөөр нь дээр дээрээс нь овоолон өрөхийг харсаар байгаад сүүлдээ дасал болсон гэжээ.

Сирийн иргэний дайны явцад Сирийн армийн гаргаж буй үйлдлийг ч гэсэн мөн л харгис хэрцгий гэж буруушаадаг. Сирийн байлдааны нисэх онгоцууд, нисдэг тэрэг, их буу нь хотын орон сууцны хороолол, суурин газрууд руу довтолсон өгсөн тухай нотолгоо бишгүй олон бий.

Түүнчлэн Сирийн сөрөг хүчний зүгээс энгийн номхон иргэдтэй харгис хэрцгийгээр хандаж байсан талаарх нотолгоо ч мөн адил маш олон байдаг гэдгийг дурдах хэрэгтэй. Сирийн шоронгуудад хэдэн мянган хоригдлуудыг тамлан зовоодог, мөн олноороо өлсч үхдэг гэсэн шинжээчдийн илтгэлийг Башар Асадын засгийн газар үгүйсгэсээр байна.

Хүний эрхийг хамгаалах байгууллагуудын идэвхтнүүдийн авсан гэрэл зургууд нь Ерөнхийлөгч Асадад шахалт үзүүлэх гэсэн улс төрийн арга хэрэгсэл гэж Сирийн эрх баригчид мэдэгдсээр байгаа аж.

О. Барс

 

 

関連ニュース