АНУ-ын Нууц албаны захирал огцорно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-02-15 12:50:41

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Нууц албаны захирал Жозеф Клэнси 3 дугаар сарын 4-нд албан тушаалаа хүлээлгэн өгнө. Энэ тухай мягмар гарагт Twitter дэх тус байгууллагын албан ёсны хуудсанд нийтлэгдсэн товч мэдэгдэлд дурджээ.

Үүнтэй холбоотойгоор Fox News телевизийн мэдээлснээр, 2014 онд Клэнсийг албан тушаалаа хүлээлгэн өгөөд байх үед нь тус албыг түр удирдуулахаар түүнийг урьсан бөгөөд улмаар 2015 оны эхээр Барак Обама түүнийг энэ албан тушаалд томилон баталсан аж.

АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхимын төрийн байгууллагуудад хяналт тавих хорооны дарга Жейсон Чэффитц "энэ албан тушаалд урьд өмнө нь Нууц албанд ажиллаж байгаагүй хүнийг томилох"-ыг Ерөнхийлөгч Трампад зөвлөж байжээ. “Энэхүү чухал байгууллагын нэр хүнд, статусыг сэргээхийн тулд шинэ үзэл бодол, алсын хараа хэрэгтэй” гэж тэрбээр Fox News телевизэд ярилцлага өгөхдөө хэлж байв.

Нууц алба нь АНУ-ын хамгийн анхдагч холбооны албадуудын нэг бөгөөд түүнийг 1865 онд Сангийн яамны салбар хэлтэс болгон анх байгуулж байжээ. Тухайн үед тус албаны нэн тэргүүний зорилт нь хуурамч мөнгө үйлдвэрлэгчидтэй тэмцэх явдал байв. 1901 онд Нью-Йорк муж улсын Буффало хотод 25 дахь Ерөнхийлөгч Уильям МакКинлигийн амийг хөнөөсний дараа төрийн тэргүүний хамгаалалтыг Нууц албанд хариуцуулжээ.

Өдгөө Нууц алба нь Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, тэдний гэр бүлийн гишүүд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс болон тэдний 16 хүртэлх насны хүүхдүүд, АНУ-д айлчилж буй гадаад орнуудын төр, засгийн тэргүүн нар, АНУ-ын албаны төлөөлөгчид болон Ерөнхийлөгчийн захирамжийн дагуу бусад хүмүүсийг хамгаалах үүргийг гүйцэтгэдэг байна.

О.Барс

 

関連ニュース