М.Флинн Оросын элчин сайдтай утсаар ярьсан тухайгаа ингэж тайлбарлав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах асан Майкл Флинн мэдэгдэхдээ "би ОХУ-ын Элчин сайд Сергей Кисляктай утсаар ярихдаа “тогтсон хэм хэмжээнээс хальж гараагүй” гэлээ.
Үнэн хэрэг дээрээ бол Флинн хоригийн талаар бус харин АНУ-аас Оросын 35 дипломатыг албадан гаргасан талаар элчин сайдтай ярилцсан байна. Майкл Флинн албан тушаалаа өгөхөөсөө өмнө хамгийн сүүлд "Daily Caller" сонинд өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгджээ.
“Хоригийн талаар огт яриагүй, харин албадан гаргасан 35 хүний талаар л ярьсан. Гэтэл эцэстээ энэ бүхэн юу болж хувирсныг хар. Бодит үнэнийг хэлэхэд, би чухамдаа ингэж л ярьсан юм: “Тийм ээ, юу болсныг би мэдэж байгаа, бид энэ бүхнийг судлах болно” гэсэн. Харин “бид хоригийг өөрчлөхөөр төлөвлөж байгаа” тухай эсвэл иймэрхүү утгатай зүйлийг огтхон ч яриагүй” хэмээн Флинн хэллээ.
Үүний сацуу Флинн мэдэгдэхдээ "нууц мэдээлэл, тухайлбал улс төрчдийн ярианы талаарх мэдээлэл задарсанд би илүү санаа зовж байна" гэжээ. “Нууцлагдсан системийн хүрээнээс гаргаж, сэтгүүлчдэд дамжуулсан зүйлүүдийн талаар би ярьж байна. Энэ бол харин гэмт хэрэг. Та нар үүнийг мэдээлэл алдагдсан гэж нэрлэдэг, гэхдээ энэ бол зүгээр нэг нүдээ ирмэх эсвэл толгой дохих төдий зүйл биш, харин жинхэнэ гэмт хэрэг” хэмээн Трампын туслах асан ярьсан байна.
Даваа гарагт Ерөнхийлөгч Трамп Флинний огцрох хүсэлтийг хүлээн авч, Үндэсний аюулгүй байдлын туслахын үүрэг гүйцэтгэгчээр чөлөөнд байгаа генерал Кит Келлоггийг томилжээ.
“Харамсалтай нь үйл явдал маш хурдан өрнөж байснаас болоод би АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенс болон бусад хүмүүст Оросын элчин сайдтай утсаар ярьсан тухайгаа тэдэнд дутуу дулимаг тайлбарлажээ. Би Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч нараас чин сэтгэлээсээ уучлал хүссэн, тэр хоёр ч уучлалыг хүлээж авсан” хэмээн Флинн тайлбарлалаа.
"Washington Post" сонин өнгөрсөн долоо хоногт М.Флинн ОХУ-ын элчин сайд Сергей Кисляктай Оросын эсрэг хоригийн талаар хэлэлцэн ярилцсан тухай мэдээлсэн юм. Тус сонинд мэдээлснээр, Москвагийн эсрэг хоригийн талаарх Флинн, Кисляк нарын энэ зөвлөлдөөн нь Трампын тангараг өргөх ёслолоос нэг сарын өмнө болсон ажээ.
Ерөнхийлөгчийн туслах Оросын элчинтэй утсаар ярьсан нь зохисгүй үйлдэл бөгөөд хоригийг сулруулах юм байна гэсэн дохиог Москвад өгсөн явдал болно гэж Цагаан ордны зарим албан тушаалтнууд үзэж байсан аж.
О.Барс