Дуу чимээний нөхөн төлбөрт 264 сая доллар олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-02-23 12:38:03

ТОКИО. /TASS/. Японы Засгийн газар Окинава мужид байрладаг АНУ-ын агаарын цэргийн хүчний баазын ойролцоо амьдардаг оршин суугчдад 30 тэрбум иений /264 сая орчим доллар/ нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн байна. Нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шийдвэрийг Окинава мужийн Наха хотын тойргийн шүүх гаргажээ.

Ингэснээр тус мужийн 22 мянган оршин суугчийн хамтран гаргасан нэхэмжлэлийг хэсэгчлэн барагдуулж байгаа юм.

Америкийн агаарын цэргийн хүчний нисэх онгоцууднаас гарч буй дуу чимээ нь өдрийн цагт ч, шөнийн цагт ч тогтоосон хэмжээнээс их байдаг нь эрүүл мэндэд хохирол учруулж байна гэж оршин суугчид үзжээ. Харин шүүх энэ районд цэргийн нисэх онгоц, MV-22 Osprey тусгай зориулалтын нисдэг тэрэгний /конвертоплан/ нислэгийг бүрмөсөн хориглох шаардлагыг хүлээж аваагүй байна.

Өнгөрсөн оны сүүлчээр тус шүүх Окинавад байрладаг АНУ-ын “Футэмма” агаарын цэргийн хүчний баазын ойролцоо амьдардаг япончуудын нэхэмжлэлээр дээрхтэй адил шийдвэр гаргаж байжээ. Тухайн үед оршин суугчид 2,45 тэрбум иений /22 сая доллар/ нөхөн төлбөр олгохыг шаардаж байсан юм.

Окинавад Япон дахь Америкийн цэргийн объектуудын үндсэн хэсэг нь төвлөрсний дотор АНУ-ын хилийн чанад дахь хамгийн том агаарын цэргийн хүчний бааз болох “Кадена” байрладаг. Америкийн цэрэг байрлаж байгаа нь орон нутгийн эрх баригчид, оршин суугчдын дургүйцлыг төрүүлж байгаа юм.

О.Барс

 

 

関連ニュース