Ардчилсан Солонгосоос Азербайжан хүртэл: Төрөл саднууд төрийн эрхэнд хэрхэн гардаг вэ?
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН. /BBC/. Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев эхнэрээ тус улсын тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томилжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь үнэн хэрэг дээрээ Алиевын эхнэр тус улсын Ерөнхийлөгчийн дараа орох нөлөө бүхий хоёрдахь хүн болжээ гэсэн үг юм.
Алиев энэ шийдвэрээ тайлбарлахдаа "би эхнэрийнхээ улс орны амьдралд гүйцэтгэсэн үүрэг, амжилт бүтээлийг нь үнэлсэн" гэжээ. “Мехрибан Алиева бол олон жилийн туршид тус улсын нийгэм, улс төр, соёл, гадаад харилцааны салбарт чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн хүн” хэмээн Алиев мягмар гарагт болсон Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр хэлжээ.
Өнгөрсөн оны 9 дүгээр сард Азербайжаны үндсэн хуульд өөрчлөлт оруулж, дэд Ерөнхийлөгч болон тэргүүн дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг бий болгожээ.
Орчин үед ихэнх улс орнуудын хуулинд зааснаар, эрх баригчид өөрсдийн эхнэр, ойрын ах дүү, төрөл садангуудаа төрийн албан тушаалд томилохыг шууд болон шууд бусаар хориглосон байдаг.
Гэлээ ч омог төрлийн холбоо, уламжлал хүчтэй байдаг улс орнуудад эрх баригчид эдгээр хоригийг ямар нэгэн аргаар тойроод гарах аргыг байнга сүвэгчилж байдаг байна.
Төрийн тэргүүн нар хууль тогтоомжид заасан хоригийг хэрхэн тойрон гарч болдгийн яруу тод амьд жишээ бол ЗХУ задарсны дараа байгуулагдсан Төв Азийн улс орнууд юм.
Тажикистан
2016 оны 1 дүгээр сард Эмомали Рахмоны охин Озода Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд томилогдож байжээ. Түүний нөхөр Жамолиддин Нуралиев тус улсын Төвбанкны дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг байна.
Ерөнхийлөгч Рахмоны ууган хүү Рустам Эмомали Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын орон зай дахь хамгийн залуу генерал байх үедээ Тажикистаны Авлигатай тэмцэх яамыг толгойлж байлаа.
2017 оны 1 дүгээр сард Эмомали Рахмон хүүдээ шинэ албан тушаал олж өгснөөр өдгөө 29 настай Рустам Душанбе хотын дарга болжээ.
Казахстан
Казахстаны төрийн албанд Нурсултан Назарбаевын ач нар ажилладаг. 31 настай Нурали Алиев Астана хотын орлогч даргаар ажиллаж байсан бол 26 настай Айсултан Назарбаев Казахстаны Батлан хамгаалах яаманд алба хашдаг, тэрбээр өөрийн амбицаа ч нуудаггүй. “Ерөнхийлөгчийн ач хүү гэдэг бол миний хамгийн гол албан тушаал” хэмээн тэрбээр Казахстаны хэвлэлүүдэд мэдэгдэж байжээ.
Назарбаевын хүргэн Рахат Алиев Ерөнхийлөгчийн охин Даригатай гэр бүл байх хугацаандаа албан тушаалын шатаар хурдан дэвшиж Казахстаны Ардын банкны орлогч дарга, түүнчлэн Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байжээ. Гэсэн хэдий ч тэрбээр асуудалд холбогдож, улмаар гадаадад гарсан ба шүүхээс эчнээ ял авснаар Австрид баривчлагдан, эцэстээ шоронгийн өрөөнд нас баржээ.
Назарбаевын охин Дарига Ерөнхий сайдын орлогчийн албан тушаалд ажиллаж байсан ба одоо Сенатын олон улсын харилцаа, батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хороог тэргүүлж байгаа ажээ.
Киргиз, Узбекистан
Киргиз улсын хувьд хамаатан садны сүлжээ Ерөнхийлөгч Курманбек Бакиевыг түлхэн унагахаас өмнө өргөн тархсан байжээ.
2005 онд тус улсын анхны Ерөнхийлөгч Аскар Акаевын хоёр хүүхэд парламентын гишүүн болжээ.
Аскар Акаевын оронд Ерөнхийлөгч болсон Курманбек Бакиев өөрийн дүү Жаныш-ийг аюулгүй байдлын албаны даргын албан тушаалд томилсон бол Бакиевын хүү Максим 2009-2010 онуудад Хөгжил, хөрөнгө оруулалт, инновацийн төв агентлагийг тэргүүлж байжээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар, Узбекистан улсыг бүхэлд нь нэг том гэр бүл захирдаг ба бараг бүх гол гол албан тушаалуудад энэ гэр бүлийнхэн ажилладаг байна. Отог омгийн тогтолцоог олон жилийн туршид Ислам Каримов удирдаж байсан бөгөөд тэрбээр өнгөрсөн оны 9 дүгээр сард нас барсан билээ.
Ерөнхийлөгчийн охин Гульнара Каримова 2010-2011 онуудад Испанид суугаа Узбекистаны элчин сайдаар ажиллаж байсан ба хожим нь мөнгө угаасан хэрэгт холбогджээ.
Умард Солонгос
Төрөл садны тогтолцоо нь Азийн бусад орнуудад ч түгээмэл байдаг. БНАСАУ-ын удам дамжсан эрх баригчид бол Кимийн ургийнхан юм. Умард Солонгосын төрийн тэргүүний ойрын ах дүү, хамаатан садан нь Засгийн газрын голлох албан тушаалуудад ажилладаг. Үүний зэрэгцээгээр огцрох, халагдах тохиолдолд олонтоо гарчээ. Тухайлбал, 2013 онд Ким Жөн Ирийн эмэгтэй дүүтэй гэрлэсэн Чан Сон Тэк Умард Солонгосын цэргийн комиссийн дэд даргын албан тушаалаас огцорсон ба удалгүй төрийн эргэлт хийхээр завдсан хэргээр цаазлуулжээ.
Төрийн тэргүүн нар ах дүү, хамаатан садандаа давуу тал олгосонтой холбоотой дуулиан шуугиан барууны орнуудад хүртэл гардаг. Жишээлбэл, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн хүргэн Жаред Кушнерыг Цагаан ордны ахлах зөвлөхийн албан тушаалд томилсноор шүүмжлэлийн бай болоод байна. Трамп хүргэнээ зөвлөхөөр томилсон нь Америкийн хууль тогтоомжийг зөрчөөгүй, тухайлбал гэр бүлсэг байдалтай тэмцэх хуульд харшлаагүй гэсэн дүгнэлтийг АНУ-ын Хууль зүйн яам хийсэн аж.
АНУ-ын Ерөнхийлөгч нар ах дүү, хамаатан саднаа Засгийн газрын байгуулагуудын албан тушаалуудад томилохыг хориглосон байдаг боловч Трампын багийнхны тайлбарлаж байгаагаар, энэ хууль Цагаан ордонд үйлчилдэггүй бололтой.
Грекийн Сангийн сайд асан Йоргос Папаконстантин 2012 онд ах дүү нарынхаа хилийн чанад дахь дансыг нуун дарагдуулсан гэх дуулианд өртөж байжээ. Сангийн сайд асны ойрын гурван хүний нэр Швейцарийн банкинд мөнгөө хадгалдаг грекчүүдийн нэрсийн жагсаалтаас гэнэт алга болсон гэж хэвлэлүүд шуугиж байв.
Шүүх 2015 онд Сангийн сайд асныг “Лагардын жагсаалтаас” төрөл садныхаа гурван хүний нэрийг хассан явдалд буруутай гэж үзэн түүнд 1 жилийн ял оноосон ба ял эдэлж эхлэх хугацааг нь 3 жилээр хойшлуулжээ. 2 дугаар сарын эхээр Францын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй Франсуа Фийон өөрийн эхнэр Пенелопын орооцолдсон хэрүүл дуулианыг намжаахын тулд эх орон нэгтнүүдээсээ уучлал гуйхаас аргагүйд хүрсэн байна.
Фийон парламентын гишүүн байхдаа эхнэрээ өөрийн туслахын албан тушаалд ажилладаг гэж бичиг баримт бүрдүүлснээр эхнэр нь хийгээгүй ажлын төлөө төсвөөс сард 3677 еврогийн цалин авч байжээ.
О.Барс