Н.Хейли: Оростой хамтран ажиллахад бэлэн, гэхдээ бид шүүмжлэхээс айхгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ. /TASS/. АНУ-ын хувьд Оростой хамтран ажиллахад бэлэн байгаа, гэхдээ буруу гэж үзсэн үйлдлүүдийг нь шүүмжлэх, эсэргүүцэхээс халгахгүй. НҮБ дахь АНУ-ын Байнгын төлөөлөгч Никки Хейли Al Jazeera-д өгсөн ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэнийг The Hill сонинд нийтэлжээ.
“Та Оросыг найзаа гэж үзэж байна уу эсвэл дайснаа гэж үзэж байна уу гэсэн асуултанд Хейли хариулахдаа "ингэж эрс тэс сэтгэх хэрэггүй ээ. Тухайн цаг хугацаанд өөр өөр байж болно гэж бодож байна. Хэрвээ Оросыг бид өөртэйгээ хамт байлгаж чадах юм бол энэ бол сайн зүйл гэдэг нь тодорхой. Хэрвээ бид юун дээр хамтран ажиллахаа олж харж чадах юм бол мэдээж хэрэг бид үүнийг хийхийг хичээх болно” гэж Байнгын төлөөлөгч ярьжээ.
Үүний сацуу Хейли хэлэхдээ "АНУ нь ОХУ-ыг шүүмжлэх эрхтэй хэвээр байна" гэж тодотгожээ. “Бид буруутай үйлдлийнх нь төлөө Оросыг нэг бус удаа шүүмжилж байсан. Бид үүнийг хийхээс айж бэргэхгүй, хэрэгтэй гэж үзсэн үедээ цаашид ч шүүмжлэх болно” гэж тэрбээр тэмдэглэн хэлээд "АНУ-ын зүгээс Крым, Украины асуудлаар Оросыг шүүмжилж байсан” гэдгийг сануулан дурдав. “Нэг л биш байгааг бид олж харах юм бол бид эсэргүүцэх болно” гэж Байнгын төлөөлөгч нэмж хэлжээ.
Түүний хэлснээр, 2 дугаар сарын 28-нд химийн зэвсэг ашиглан довтолсных нь төлөө Дамаскийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд Орос улс хориг тавьсанд АНУ “ихэд урам хугарсан” байна. Хейлигийн сануулан дурдсанаар, дээр дурдсан үйлдлийн хариуцлагыг Сирийн эрх баригчид хүлээх ёстой гэдгийг тусгай комисс тогтоосон бөгөөд уг комиссийг байгуулахыг Аюулгүй Зөвлөлийн бүх гишүүд, тэдгээрийн дотор ОХУ ч дэмжжээ.
“Орос, Хятад хоёр химийн зэвсэг хэрэглэхийг огтхон ч зөвшөөрч болохгүй гэж мэдэгдэхийн оронд өөрсдийн анд нөхрийг хамгаалахаар шийджээ. Энэ удаад Аюулгүйн Зөвлөлийн хувьд муу өдөр байлаа” гэж Америкийн дипломатч хэлсэн байна.
О.Барс