Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн гэрт нэгжлэг хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПАРИС./ВВС/. Францын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөж буй Франсуа Фийоны Парис хот дахь гэрт нь мөрдөн байцаагчид нэгжлэг хийжээ.
Зохиомлоор орон тоо бий болгон эхнэрээ цалинжуулж байсан гэх мэдээллийг мөрдөн шалгах ажлын хүрээнд түүний гэрийг нэгжсэн байна. Би ямар ч буруу зүйл хийгээгүй гэж нэр дэвшигч Ф.Фийон мэдэгдсээр байгаа аж.
Нэрээ тат гэж түүнд шахалт үзүүлсээр байгаа боловч тэрбээр сонгуулийн кампанит ажлаа зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Ф.Фийоны хувьд Францын Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хамгийн өндөр магадлалтай хүмүүсийн нэг гэгдэж байсан боловч дээрх дуулиан шуугиантай холбоотойгоор түүнийг дэмжигчдийн тоо эрс цөөрөөд байна.
“Le Canard Enchaine” сонинд мэдээлснээр, тэрбээр парламентын гишүүн байхдаа эхнэр Пенелопа-г туслахаараа ажиллуулан 500 мянган еврогийн цалин өгч байжээ.
Өчигдөр өглөө Ф.Фийоныг Францын өмнөд нутаг дахь усан үзмийн талбайтай танилцаж байх үед нь мөрдөн байцаагчид түүний гэрт нэгжлэг хийсэн байна. Парламентын ордон дахь түүний ажлын байрыг өнгөрсөн сард нэгжсэн билээ.
Түүнийг шүүх хурал энэ сарын 15-нд болох аж.
Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат дөрөвдүгээр сарын 23-нд, хоёрдугаар шат нь тавдугаар сарын 7-нд болно.
Г.Доржханд