Архангай аймагт 411.1 сая төгрөгийн тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-06 13:08:55

Архангай аймгийн хэмжээнд 12 сумын нийт газар нутаг цасан бүрхүүлтэй, зудтай байна. Улсын онцгой комиссоос тус аймагт нийт 411.1 сая төгрөгийн тусламжийг үзүүлжээ. 

Улсын онцгой комиссын хоёр ч удаагийн тогтоолоор 460 тн өвсийг үнэгүйгээр, 450 тн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр, оны өмнө өвөлжлтийн болон малын гоц халдварт өвчний үеэр 100 сая төгрөгийг, 3.2 сая төгрөгийн эм био бэлдмэл, Төвшрүүлэх сумын хүн эмнэлэгт шинэ 469 машиныг, сумдад бэлэн мөнгөний тусламж хүргэсэн байна.

Монгол Улсын шадар сайд, улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх Архангай аймагт ажиллахдаа “Хүн мал ядарч туйлдсан байна. Яг энэ үед хөдөө рүүгээ ажилла, малчдаараа яв, тэдэнтэй ярилц, нөхцөл байдалтай нь танилц, сэтгэл санааны болоод чадах чинээгээрээ бараа материалын дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй” гэдгийг захиж хэллээ.

Сар шинийн өмнөхөн улсын онцгой комиссоос Архангай аймгийн зудтай байгаа 12 суманд НҮБ-ын 200 ширхэг ариун цэврийн багцийг мөн нэг өрхөд 200.000 төгрөгөөр тооцож мөнгө олгосон. Энэ нь сумдын малчин өрхийн тооноос хамааран сумдад харилцан адилгүй мөнгөн тусламж олгогдож байна гэсэн үг. 

 

関連ニュース