Абэ, Трамп нар Умард Солонгос пуужин харвасан асуудлыг хэлэлцэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар мягмар гарагт утсаар ярьжээ. Энэ тухай Абэ Токио дахь өргөөндөө сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдлээ.
Түүний хэлснээр, Умард Солонгосын баллистик пуужин харвасан энэ үед Японы талд "100 хувь зогсч байгаа" гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч батлан хэлсэн аж.
“Умард Солонгос пуужин харвасан нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг илт зөрчсөн үйлдэл болсон гэдэг дээр бид хоёр бүрэн санал нэгтэй байсан. Умард Солонгосын энэ үйлдэл нь олон улсын хамтын нийгэмлэгт заналхийлж байгаа төдийгүй Пхеньяны зүгээс учруулах аюул заналхийлэл шинэ шатанд гарлаа гэж бид үзсэн” гэж Японы Засгийн газрын тэргүүн ярилаа.
“Үүссэн нөхцөл байдалд Японы талд 100 хувь зогсч байна гэдгээ Ерөнхийлөгч Трамп батлан илэрхийлсэн” гэж тэрбээр онцолсон байна.
Даваа гарагт хөөргөсөн дөрвөн баллистик пуужин нь АНУ, Япон дахь цэргийн баазуудад цохилт өгөх сургуулилт байсан гэж Умардын тал мэдэгдсэн билээ. Умард Солонгосын баруун эрэг дэх буудлагын талбайгаас хөөргөсөн эдгээр пуужин 1000 км замыг туулжээ. Гурван пуужин нь Японы эдийн засгийн онцгой бүсэд, Хоншю арал дахь Акита мужийн эргээс 300 орчим км-ийн зайд унажээ.
О.Барс