Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ховд аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-15 11:23:21

Ховд /МОНЦАМЭ/. Өчигдөр болсон Ховд аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөний үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 3 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд, Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу 3 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд манай аймагт ажлын айлчлал хийнэ гэж Засаг дарга Д.Галсандондог мэдээллээ.

Мөн шуурхай зөвлөлгөөний үеэр айгууллагын дарга, эрхлэгч нарт  Бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулах үүрэг өгч иргэд, аж ахуйн нэгж бйгууллагуудыг өөрийн эзэмшил болон хуваарилсан талбайгаа цэвэрлэж, идэвхитэй оролцохыг Ховд аймгийн Засаг дарга үүрэг болгож, хуурайшилт ихтэй байгаа тул цэцэрлэгжүүлэлтийн ажилд эртнээс анхаарах хэрэгтэйг аймгийн Засаг дарга анхаарууллаа.

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай  холбогдуулан шуурхай хуралдааны үеэр аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Б.Мөнхбат албан байгууллагуудад хамтран ажилладаг харилцагч хэрэглэгчид, иргэдрүү хандсан сургалт сурталчилгаа хийж, нээлттэй өдөрлөг зохион байгуулан, мэдээлэл өгөхийг зөвлөлөө. Ялангуяа Боловсрол, соёл урлагийн байгууллагуудын хувьд оюутан сурагчдад мэдээлэл өгч хичээл заах зэргээр идэвхи санаачилга гарган дээрх өдрийг тэмдэглэх шаардлагатайг онцолсон юм. Шуурхай хуралдаанаар аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэг менингококкт халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай Монгол улсын эрүүл мэндийн сайдын албан даалгавар, зөвлөмжийг удирдах ажилтнуудад хүргүүлэн хүүхэд багачуудаа болзошгүй халдвараас урьдчилан сэргийлэхэд анхаарч, энэталын сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагуудад  үүрэг болголоо.

Ховд аймаг сар бүрийн 1, 3 дахь долоо хоногийн Мягмар гаригийн 10 цагт тогтмол хийж, аймаг орон нутгийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, цаг үеийн мэдээлэл түгээх ажлуудыг шуурхай зохион байгуулдаг юм.

А.Бямбасүрэн

関連ニュース