Орон сууцны ундны усны зэв, тортогийн хэмжээ ихэсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн 16 сум болон аймгийн төв болох Жаргалант сумын иргэдийн ундны усны эрүүл ахуй, стандарт шаардлага ямар түвшинд байгааг мэргэжлийн байгууллагуудын хийсэн лабораторийн судалгаа хийжээ. Судалгаанаас үзэхэд Ховд аймгийн Жаргалант сумын ундны усны эрүүл ахуйн үзүүлэлт ердийн хэмжээнд байгаа бол тус аймгийн Ховд сум, Дуут сумдын ундны уснаас ураны агууламж илэрсэн гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Тус аймгийн төвийн сум болох Жаргалант сумын 40 гаруй мянган иргэдийн ундны усны гол хэрэгцээг төвлөрсөн шугамын сүлжээнд холбогдсон 11 усан сан, 7 гүний худагаас хангадаг. Эдгээр төвлөрсөн ус хангамжийн систем болон гүний худагийн хамгаалалт, аюулгүй байдлын өнөөгийн нөхцлийг улам бүр сайжруулах шаардлага байгааг албаны эх сурвалж онцолж байна.
Орон нутгийн иргэдийн ундны усны ариун цэвэр, аюулгүй байдлыг сахин хамгаалах, хариуцан ажиллах чиг үүргийг ОНӨААТҮГ болох Шим-Ус компани голлон хариуцаж ажилладаг. Өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явж байгаа хэдий ч 50-60 жилийн насжилттай барилга байгууламжийн шугам сүлжээ элэгдэж муудан, зэвэрсэнээс үүдэн орон сууцны айл өрхүүдийн ундны усны чанар, зэв тортогийн хэмжээ анхаарах асуудал болоод байгааг мэргэжлийн байгууллагаас удаа дараа анхааруулж байна. Хүн амыг цэвэр, аюулгүй, ундны усаар хангах, усны оюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулахдаа нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх олон ажил байгаа гэдгийг ажлын хэсгийн гишүүд онцолж байна. Иймд эхний ээлжинд усны аюулгүй байдал, орчны эрүүл ахуйн чиглэлээр иргэдэд чиглэсэн зөв зан үйлийг хэвшүүлэх, түгээж буй ундны усны эх үүсвэр, ус түгээх байрны усыг тогтмол хяналтын лабораторийн шинжилгээнд явуулах зэргээр богино болон урт хугацааны төлөвлөгөө гарган ажил үүргээ хуваарилан ажиллахаар тогтлоо.
А.Бямбасүрэн