Өөлдийн таван шүтээний тахилга хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Эрдэнэбүрэн сумын засаг дарга У.Цэрэнтогтохтой уулзаж, сумын цаг үеийн ажил болон Өөлдийн таван шүтээн тахих ёслолын талаар ярилцлаа.
-Та ард олныхоо итгэл хүлээж шинэ сонгогдсон дарга нарын нэг. Ажлаа авнаас хойш сумандаа ямар ажлууд эхлүүлэв?
-Эрдэнэбүрэн сумын Засаг даргаар 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдөр томилогдсоноос хойш нэлээд ажлыг амжууллаа.
Сумын ИТХ-аар сумын Засаг даргын 2016-2017 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийг 2017 оны үндсэн чиглэл, сумын 2017 оны төсөв, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, сумын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн хийх журам зэргийг батлууллаа. Ахмадын өдөр, Ахмадын шинэ жил, Хүүхдийн харшийн ёлок, Хүүхдийн цэцэрлэгийн 50 жилийн ой, сумын сүлд модны наадам, Үндсэн хуулийн 25 жилийн ой, Байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт, Цамбагаравын унага уяачдын холбооны тайлан сонсох, сумын төвд амьдарч байгаа 80-аас дээш ахмадын усны үнийг чөлөөлөх, нийтийн их цэвэрлэгээг 3 удаа, хог хаягдлын цэгийг боловсронгуй болгох зэрэг ажиллуудыг хийгээд байна.
Мөн багийн ИНХ-ыг баг тус бүр оноос хойш хоёр дахь удаагаа хийж, багийн зохион байгуулалтын асуудал, Багийн сан, багийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Багийн хүний эмч, малын эмч, татварын байцаагч, газрын даамал, нийгмийн даатгалын байцаагч нарын мэдээллийг сонсож, санал бодлоо солилцоо.
Иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор ЗДТГ-т “Угтах үйлчилгээ”, Ерөнхий боловсролын сургуульд “Багш хөгжлийн төв”, “Хоггүй Эрдэнэбүрэнчүүд”, “Архи,тамхиүй Эрдэнбүрэнчүүд” хөдөлгөөнүүдийг өрнүүлэн ажиллаж байна.
-Танай суманд хаваржилтын байдал ямар байна вэ?
-Өнгөрсөн “бич”жилийн цаг агаар, өвөлжилт Эрдэнэбүрэн сумын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх өнөтэй, өег тарган, ард түмний сэтгэл амгалан, өгөөжтэй сайхан өвөл болж өнгөрсөн бол “Алтан унжлагат” хэмээгч тахиа жилийн харвын тэргүүн сар тал дундаа орж байгаа энэ үед ирэх хаврын нар, төлийн дуутайгаа налгар сайхан байна.
-Энэ хавар хичнээн мал төллөх вэ, малчид хаагуур нутаглаж байна?
-Сумын мал сүрэг өсч мянгат малчдын тоо өмнөх оноос 21-ээр нэмэгдэж, сум 72 мянгат малчинтай болсон нь түүхэнд хамгийн олон мянгат малчинтай болсон он боллоо. Одоо малчид дунд бүс буюу тал хээр хосолсон хаваржааныхаа бүс нутагт буусан байна. Энэ онд 76 мянга гаруй мал төллөхөөс, одоогийн байдлаар 5 хувь нь төллөөд байна.
-Танай сум хамгийн олон мал тоолуулж, олон алдартай малчид шинээр төрлөө?
-Цаст хайрханы өвөрт мал сүргээ маллан суугаа 370 гаруй малчин олон өнгөрсөн онд нийт 216829 толгой мал тоолуулж, малаа таван төрлөөр нь 26 101 толгой малаар өсгөсөн.
Мал сүргээ өсгөн сум аймгийн хөгжилд хувь нэмэр үзүүлж яваа манлай малчдаас “Монгол улсын аварга малчин” цолоор Хонгио багийн малчин Н.Олонбаяр, “Аймгийн сайн малчин” цолоор Нармарзан багийн малчин Т.Ганхуяг, Шураг багийн малчин А.Дэлгэр, Хонгио багийн малчин Д.Отгонбаяр, Ц.Шүрхүү нар шагнагдсан бол Төрийн дээд шагнал ХГУТ-ын одонгоор Хонгио багийн Улсын аварга малчин С.Балжинням, Алдангадас одонгоор Хар ус багийн өндөр настан С.Аварзад, Ц.Отгондалай, Шураг багийн малчин Ш.Батжаргал, Г.Лхамжав, Хонгио багийн аймгийн аварга малчин Ч.Цэдэндамба нар тус тус шагнууллаа.
Сүүлийн жилүүдэд мал сүрэг тогтвортой өсөж, мянгат малчдын тоо 72 хүрч, 1 өрхөд 329 толгой мал, 1 хүнд 92 толгой мал ногдож малчдын амьдрал ахуй жилээс жилд дэвжин дээшилж байна.
-Удахгүй өөлдийн таван шүтээн тахих ёслол болно, энэ үеэр ямар арга хэмжээ зохиогдох вэ?
-Өөлдийн таван шүтээний тахилгыг аймгийн ГанданПунцаг Чойлон хийд, Улаанбаатар хот дахь “Өөлдийн Цамбагарав” нутгийн зөвлөл, Ховд аймаг дахь Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөл, сүсэгтэн олныхоо дэмжлэгтэй сумын ИТХ, ЗДТГ, байгууллагын дарга, эрхлэгчид, төрийн албадуудтай хамтран зохион байгуулж байна.
Хаврын тэргүүн сарын шинийн 19, 20-ны билэгт сайн өдөр буюу 03 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Өөлдийн таван шүтээний уншлагыг хийж, Цамбагарав хайрханы хишиг барилдаан, Хаврын төвийн бүсийн морины уралдаан, морь, бөх цол дуудаачийн аймгийн уралдаануудыг зохион байгуулахаар бэлтгэж байна.
-Өөлдийн таван шүтээн гэж нэрлэх, тахиж, шүтэх болсон нь ямар түүхэн улбаатай юм бэ?
-Өөлдийн таван шүтээний тахилгын түүхийн хувьд 1697-1727 оны үед амьдарч байсан Богдван Цэвээнравдан Төвдийн Ванчин Богдын дүүтэй гэр бүл болж эхнэрээ жилийн дараа төрсөн гэрт нь айлчлуулан явуулжээ. Эхнэрээ явахад нь эцгийнхээ гэрээс арван сахиусыг авч ирээрэй гэж захисан байна. Богд вангийн охин эцгийнхээ гэрт ирээд буцах болоход эцэг нь охиноосоо” Миний охин юу авах вэ” гэж асуухад охин нь аавдаа “Би арван сахиусаа авч явна гэж гэнэ. Аав нь дургуй байсан боловч ”За өгье” гэж хэлээд, чи өөрөө таньж аваад яваарай гэжээ. Ингээд охин буцах болж шүтээний өрөөнд эгнүүлэн тавьсан олон бурхануудаас арван сахиус ялган авах болжээ.
Богд вангийн захисан ёсоор аав, ээждээ үзүүлэхгүй зүү ханцуйлан ороод тэр бурхануудыг урьдаас нь хатгахад хөдөлсөнийг аваад байснаар зөв сахиусаа олж чаджээ. Ингэж Төвдийн Ванчинбогдын эцгийн арван сахиус Өөлдүүдэд ирж шүтэгдсэн домогтой. Энэ арван сахиус нь Гонгор, Цамбагарав, Цамбамарав, Шалс, Жамсран, Ямандаг, Гомбо, Чойжил, Лхам, Намсрай бурхад аж.
Богдван Цэвээнравдан хожим нь 10 сахиусаа хоёр хүүдээ нэр зааж тав, таваар нь хувааж өгсөн байдаг. Ингэснээр Дамбий гүний хошуу буюу одоогийн Эрдэнэбүрэн сумын өөлдүүд Ямандаг, Гомбо, Чойжил, Лхам, Намсрай гэсэн таван сахиусыг тахих болсон байна.
Тус сахиусууд нь үйлсийг түргэн ямагт бүтээгч гол сахиусууд, мөн ертөнцөөс хэтэрсэн сахиус, номын сахиусны дүрээр оршдог гэж үзэн нандигнан шүтэж ирсэн түүхэн уламжлалтай.
А.Бямбасүрэн