Алтай таван богд уулын мөсөн гол огшиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/. Их нууруудын хотгорыг тэжээгч Алтай таван богдын мөсөн гол сүүлийн 110 жилүүдэд нэг километрээр огшсон буюу хайлаад алга болсон тухай байгаль орчны мэргэжилтнүүд хэлж байна.
Тухайлбал "1905, 2009, 2013 харьцуулсан зургаар мөсөн гол хайлж байгаа нь бидний нүдэнд илхэн харагдаж байна. Харин газар доорх 20 хувийн нөөцтэй цэнгэг уснаас хэрэгцээнийхээ 80 хувийг авдаг бид гүний усаа тооцож чадахуу. Усны үнэ цэнийг юутай ч үл зүйрлэм. Гамнах хэмнэхэд одоо бүгд анхаарах цаг болсон" гэж байгаль хамгаалагчид анхааруулж байгаа юм. Алтай таван богдын мөс гол огшиж байгаа тухай Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төв судалгаа хийсэн байдаг бол Ховд их сургуулийн газарзүйн тэнхимийн багш нар бас судалгаа хийж ирсэн удаатай юм байна.
Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уул юм. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр хэмээгддэг. Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог.
Таван Богд уул нь таван үндсэн оргилтой ба Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдог. Эдгээрээс хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 14 орчим км урттай.
Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш 700 гаруй уулчид авирсан ба гадаад дотоодын уулчдын авирах дуртай уул болоод байна.
1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтанд авсан. 2012 онд Алтай Таван Богд уулыг төрийн тахилгат уул болгон дөрвөн жилд нэг удаа тахиж байхаар болсон.
А.Бямбасүрэн