Д.Трамп худалдааны алдагдлыг арилгах тухай зарлигт гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-01 09:38:21

ВАШИНГТОН. /Nikkei/. АНУ-ын худалдааны түншүүдийн хэрэгжүүлж буй шударга бус бодлогуудыг онилсон хоёр тусгай зарлигт Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ.

Баасан гарагт Цагаан ордонд гарын үсэг зурсан эхний зарлигт “худалдааны алдагдлын шалтгааны талаарх тайланг 90 хоногийн дотор гаргах”-ыг Худалдааны яам болон худалдааны төлөөлөгчдөд үүрэг болгожээ.

Д.Трампын засаг захиргаа уг тайланд үндэслэн худалдааны алдагдлыг арилгахын тулд ямар арга хэмжээ авахаа шийдэх аж.

Нийт худалдааны бараг 50 хувь нь ногддог Хятад улстай хийж буй худалдааны алдагдал тэлсээр байгаа учир Ерөнхийлөгч Д.Трампын энэ зарлиг нь Бээжинд шахалт үзүүлэх зорилготой нь илэрхий байна гэж шинжээчид үзэж байна.
Д.Трамп    БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй ирэх долоо хоногт уулзах юм.

Зарлигт гарын үсэг зурахынхаа өмнө Д.Трамп АНУ-ын компаниудад тохиолдож байгаа зүйлс болон ажлын байрыг “маш муу” гэж тодорхойлсон байна. Тэрбээр хэлэхдээ “бид байдлыг аль болох шуурхай өөрчлөхийг эрмэлзэж байна” гэжээ.

АНУ-ын Худалдааны сайд Уилбур Россын хэлснээр, тус улсын гаалийн тариф бусад хөгжингүй улс орнуудынхтай харьцуулахад хамгийн бага аж. Тэрбээр хэлэхдээ “бусад улс орон чөлөөт худалдааны талаар ярьдаг ч АНУ-аас илүү худалдааг хамгаалах бодлого хэрэгжүүлдэг” гэв.

Г.Доржханд

 

関連ニュース