Батлан хамгаалах салбарын төсвөө нэмэгдүүлэхийг АНУ холбоотнууддаа уриалав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРЮССЕЛЬ. /Reuters/. Батлан хамгаалахын салбарын төсвөө нэмэгдүүлэхийг НАТО-гийн холбоотнууддаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон уриаллаа.
Баасан гарагт Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон НАТО-гийн гадаад хэргийн сайд нарын уулзалтад Р.Тиллерсон оролцжээ. Тэрбээр НАТО-гийн гишүүн улсуудын гадаад хэргийн сайд нартай анх удаагаа хэлэлцээ хийсэн нь энэ юм.
Терроризмтой тэмцэх, Украины байдал болон ДНБ-ий 2 хувийг батлан хамгаалахын салбарт зарцуулах зорилт зэрэг асуудлыг сайд нар авч хэлэлцжээ.
Р.Тиллерсон хэлэхдээ “НАТО-гийн гишүүн бусад 27 улстай харьцуулахад АНУ батлан хамгаалахын салбарт харьцангуй их мөнгө зарцуулж байна. ДНБ-ий 2 хувийг батлан хамгаалахын салбарт зарцуулах зорилтдоо хүрэхийн тулд бусад улс орон илүү их хүчин чармайлт гаргаж, дорвитой төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй байна” гэжээ.
НАТО-гийн мэдэгдсэнээр, одоогийн байдлаар тус эвслийн 28 гишүүний ердөө тав нь л ДНБ-ийхээ 2-оос багагүй хувийг батлан хамгаалахын салбарт зарцуулах зорилтод хүрчээ. Тухайлбал, АНУ ДНБ-ийхээ 3.6 хувийг, Их Британи 2.2 хувийг батлан хамгаалахын салбартаа зарцуулж байна. АНУ НАТО-гийн төсвийн 72 хувийг дангаараа бүрдүүлдэг аж.
Тавдугаар сард болох НАТО-гийн гишүүн улс орнуудын Дээд хэмжээний уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оролцоно. Тэрбээр уг уулзалтын үеэр Р.Тиллерсоны уриалгыг давтаж магадгүй.
Г.Доржханд