Номын баяраас онцлох, шинэ номууд
ТОЙМ“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар-Номын яармаг"-ын энэ оны хаврын баяр эхэлжээ. Уншигч зохиолчид, хэвлэн нийтлэгчдийг уулзуулдаг, ном бүтээлийг дэлгүүрийн шимтгэлгүй худалдан авах боломжийг уншигчдад олгодгоороо уг номын баяр онцлогтой юм. Ингээд та бүхэнд номын баяраар худалдаж буй онцлох, шинэ номуудыг танилцуулж байна.
Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй

"Зарим роман эмгэнэлтэй, зарим нь зугаатай байдаг бол “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”-гаас аль алийг нь мэдэрч болно. Хүний оршихуйн олон хэмжээст, гүн бүтцийг чадварлаг, нэгд нэгэнгүй нээн үзүүлэхдээ уншигчид зугаатай, хоржоонт мэдрэмж төрүүлж, яруу өнгө аясаараа сэтгэлд гүнзгий ул мөр үлдээдэг нь энэ зохиолын суут чанар юм" хэмээн Sunday Times-аас тодорхойлсон нь уг зохиолын хамгийн магадтай дүгнэлт болов уу.
"Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" романыг орчуулагч Ж.Тэгшзаяагийн хөрвүүлгээр, зохиогчоос авсан албан ёсны эрхийн дагуу Тагтаа Паблишинг ийнхүү хэвлэн гаргаснаар дэлхийн уран зохиолын гарамгай төлөөлөгчийн нэг Милан Кундерагийн зохиол бүтээлээс монгол хэлт уншигчдад хүрч буй анхны тохиолдол болж байна.
Аав бид хоёр
МУСГЗ сэтгүүлч Б.Ганчимэгийн “Аав бид хоёр” ном уншигчдад хэдийн хүрч өндөр үнэлгээ авсан. “Жинхэнэ хайрын дуу” хэмээн нэрлэгддэг эл ном дэлгүүрийн лангуунаас хэдийн алга болж уншигчдын дунд нэлээдгүй эрэлт хэрэгцээтэй буй. Харин номын баярын өдрүүдээр тус номыг “МОНЦАМЭ" агентлагийн асарт зочлон худалдаж авах боломжтой.
Түүний номын талаар нийтлэлч Д.Түмэн-Өлзий “Хүн болгон алт шиг биш. Гэхдээ хэн ч нэг удаад алт мэт сайхан өгүүлэл бичиж болно. Хоёр юм уу, гурван удаа ч тэгж чадах байх. Харин долоо хоног бүр бичих нь амьдралынх нь амт, хэмнэл болсон хүн түүнийхээ ард тэс өөрөөр оршино гэж үгүй. Тэр тусмаа үйл явдлын тойм биш өөрийн бодол, сэтгэлээ зүгээр л сэгсэрчихдэг хүний хувьд.
Түүнийг би унших дуртай. Түүнийг уншаад эхэлсэн л бол нэг мэдэхэд л дуусчихсан байдаг. Нүд уншиж байвч оюун санаа бол тэртээд Дашинчилэнгийн багачуудтай цэцэрлэгт туучиж, эсвэл энэтээд Орхоны хүүхнүүдтэй л найгаж явна. Хаврын догдлолыг яг л гадаа чинь хавар болж байгаа билүү гэж бодтол, өвлийн жин хийсэн үзэсгэлэнг ууланд гарч цасанд алхмаар санагдтал авч байна” хэмээн өгүүлсэн байдаг.
Сахиуст хангайн нууц

Евтушенкогийн шилмэл түүвэр

Евгений Евтушенкогийн шүлгүүдийг урьд соён гэгээрүүлэгч М.Цэдэндорж “Зөвлөлтийн утга зохиол” түүвэрт хэд гурвыг орчуулан тавьсан төдийгүй “Братскийн усан цахилгаан Станц” хэмээх найраглалыг нь О.Түдэв, Ш.Цэндгомбо нар 1971 онд “Ангарын гал” нэрээр хэвлүүлж байжээ. Харин дээрх ном нэрт найрагчийн шилмэл шүлгүүдийн бүрэн түүвэр гэдэг утгаараа Монголдоо анхных юм.
Япон өгүүллэг, тууж
“Монсудар”-аас эрхлэн гаргасан "Япон өгүүлэг,тууж” ном хэвлэгдээд удаагүй билээ. Япон улсын 5000 иений мөнгөн дэвсгэрт дээр дүрээ мөнхөлсөн, Мэйжигийн хамгийн алдартай эмэгтэй зохиолч Хигүчи Ичиёогийн "Нэг үеийнхэн", Японы нэрт яруу найрагч Мүроү Сайсэгийн “Нэгэн охины үхэл хүртэл” гэх мэт эдгээр сонгодог бүтээлүүдийн есийг нь япон судлаач, нэрт орчуулагч О.Жаргалсайхан, нэгийг нь орчуулагч Ц.Онон хөрвүүлжээ.

Хийсвэр үг

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт зохиолч Ө.Үлэмжтөгсийн тухайд өмнө нь яруу найргийн төрлөөр “Танилц Үлэмжтөгс” /2010 он/ , “Шинэ үнэр” хамтын анотлоги /2012 он/, “Let me introduce myself – My name is Ulemjtugs” /2013 он/ хүүрнэл зохиолын төрлөөр “Абсурд зүүдний хот” /2012 он/ “Иргэншлээс оргох тасалбар” /2014/ өгүүллэгийн түүвэр тус тус хэвлүүлж байжээ.
Б.Алтанхуяг