Дунд цэнхэрийн гол нь кальцийн бүлгийн маш цэвэр усанд хамаарагддаг..

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-14 09:27:09
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Мөнххайрхан уул орчмын гол горхи,рашаанууд усны био идэвхт элементүүд агуулсан байдгийг судлаачид тогтоожээ.
Мөнххайрхан уулаас Булган, Үенч, Бодонч, Сэнхэр голууд эх авч урсдаг Хөх, Шуурхай, Борт зэрэг жижиг  нууруудтай.Эдгээр голуудын усны тэжээлд мөнх цас, мөсөн голын ус, цэвдэгт ул хөрсний ус гол үүрэг гүйцэтгэж, усны үер, хур борооны үер, өвлийн гачиг үеийн аль аль нь ажиглагдаг. Хаврын шар усны үер,5 дугаар сард эхлээд мөнх цас, мөсөн голын хайлалтаас болоод 9 дүгээр сар хүртэл 110-115 хоног үргэлжилдэг байна. Голын ус эрс багасдаг гачиг үе намраас эхлээд өвлийн турш үргэлжлэх тул тогтвортой мөсөн бүрхүүл үүсгэдэг.
Шуурхайн гол Мөнххайрхан уулын Нарийн цүнхэгийн гол хэмээх жижиг голтой нийлэн Бортын голд цутгана. Дээрх уулаас эх авсан Хөх нуур , Арцат, Ямаат, Хөх гэсэн гурван жижиг гол нийлж, Хөх нуурын хүрхрээ үүсгэн урссаар Бортын голд цутгана. Бортын гол 35 км урсаж, Баянсайн голтой нийлж, Бортын бэлчирээс эхлэн Дунд Цэнхэрийн голыг үүсгэнэ.
Уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөөгөөр Монгол Алтайн нурууны мөсөн гол, мөнх цэвдэг илүүтэй хайлж, голуудын усны тэжээл нэмэгдэн улмаар эдгээр голуудын цутгадаг гадагш  урсгалгүй нууруудын түвшин нэмэгдэх хандлага сүүлийн үед ажиглагдах боллоо.
Дунд цэнхэрийн гол нь дунд зэргийн эрдэсжилттэй, гидрокобанат, кальцийн бүлгийн маш цэвэр усанд хамаарагддаг байна.Иймээс ундны ус багасаж байгаа өнөө үед усны эх ундарга, усны нөөцийг хамгаалах, зөв зохистой ашиглах асуудлыг нутгийн ард иргэдэд ойлгуулж, усны менежментийн зөв бодлогыг хэрэгжүүлэх нь сум орон нутгийнхны анхаарах асуудлын нэг болоод байна.
А.Бямбасүрэн
関連ニュース