Баруун өмнөд Сибирь, хил залгаа бүс нутгийн асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-16 09:07:59
Ховд/МОНЦАМЭ/ Энэ оны тавдугаар сарын 22-24-нд ОХУ-ын Горно-Алтайскийн улсын их сургуульд уламжлал болон зохион байгуулагддаг Олон Улсын эрдэм шинжилгээний бага хурал  “Баруун өмнөд Сибирь болон түүнтэй хил залгаа бүс нутгийн ард түмний (Монгол, Казакстан, Хятад) түүх соёл” сэдвээр амжилттай явагдаж өнгөрлөө.
Энэхүү хурлыг зохион байгуулахад Горно-Алтайскийн Улсын их сургуулийн Түүх-хэл шинжлэлийн факультетийн Түүх-археологийн тэнхим Оросын улсын хөрөнгийн сан (РФФИ), Алтай улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулжээ.
Энэ удаагийн хуралд ОХУ, Монгол, Казакстан улсаас 60 гаруй эрдэмтэн судлаачид ирж оролцсон байна.
Эрдэм шинжилгээний бага хурлаар “Баруун өмнөд Сибирь болон түүний хил залгаа газар нутгийн археологийн судалгаа, музейн олдвор”, “Баруун өмнөд Сибирь болон түүний хил залгаа газар нутгийн нийгэм, улс төрийн түүх, олон улсын харилцаа”, “Баруун өмнөд Сибирь болон түүний хил залгаа газар нутгийн угсаатны зүй, ардын аман зохиол судлал”, “Уулын Алтайн (Горный Алтай) үндсэн оршин суугч ард түмний хэл шинжлэл, угсаатны зүй” гэсэн дөрвөн  чиглэлийн салбар хуралдаан болов.
Салбар хуралдаанд Баруун монголын ууган их  сургууль болох Ховд их сургуулийн багш, эрдэмтэн судлаачид хуралд эчнээ байдлаар /бүтээлээ илгээж/ оролцон өөрсдийн судалгаа, шинжилгээний ажлын сонирхолтой үр дүнг олон нийтэд танилцуулсан юм.
Тус  эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцсэн хамгийн чхуал асуудлууд бол тус бүс нутгийн улс, ард түмний нийгэм-эдийн засгийн харилцаа, угсаатан хоорондын улс төрийн болон соёлын харилцаанд тулгамдаж буй асуудлуудыг авч хэлэлцжээ.  
“Баруун өмнөд Сибирь болон түүнтэй хил залгаа бүс нутгийн ард түмний (Монгол, Казакстан, Хятад) түүх соёл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал нь ОХУ болон гадаадын түүхч, угсаатны зүйч, археологич, хэл шинжээч эрдэмтдийн хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, бэхжүүлж, судалгааны ажлын үр өгөөжийг нэмэгдүүлж буй онц ач холбогдолтой хурал болж өнгөрлөө гэж  ХОИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийн Евро судлалын танхимын багш Б.Нямжав бидэнд танилцууллаа.
Мөн салбар хэсэг бүрийн хуралдаанууд дээр хуралдааны зохион байгуулалт, бодлого үйл ажиллагаа, цаашдын зорилттой холбоотой санал авсан ба тэдгээрийг нэгтгэж үзэхэд  Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр асуудал дэвшүүлсэн илтгэлүүдийг татан оролцуулж хэлэлцүүлж байх,Технологи инновацийн чиглэлийн илтгэлүүдийг мөн нэмэгдүүлэх, Дэлхий нийтийн шинжтэй тулгамдсан асуудлууд түүний дотор усны нөөц, ус ашиглалттай холбоотой шинжлэх ухааны судалгаа түүний үр дүнг өргөнөөр хэлэлцүүлж, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэх санал гарсан байна.
Ховд их сургууль Баруун бүсийн байгалийн нөөц, технологийн судалгаан дээр хамтарч ажиллах боломжуудыг нэмэгдүүлэх, хуралдааны илтгэлүүдийг Орос, Англи хэл дээр байгаа бол Монгол хэл дээр, Монгол хэл дээр байгаа бол Орос, Англи хэл дээр хөрвүүлэн хэвлэх нь зүйтэй гэсэн гол гол саналууд гарсан байна.
А.Бямбасүрэн
関連ニュース