Баянхонгор аймгийн хэмжээнд 54.687 сонгогч бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Улсын бүртгэлийн газраас мэдээлснээр Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль өгөх сонгогчийн нэрсийн жагсаалтад Баянхонгор аймгийн хэмжээнд 54.687 сонгогч бүртгэгджээ.
Аймгийн хэмжээнд 54.757 саналын хуудас ирснийг сонгуулийн хороо, санал авах байруудад хуваарилан хүргүүлсэн бөгөөд "УИХ-ын сонгуулийн үеэр 65 хувиар тооцож хэвлэсэн саналын хуудас хүрэлцэхгүй маргаан дагуулж байсан. Тиймээс энэ удаагийн сонгуулиар саналын хуудсыг хангалттай байдлаар хэвлэж, нөөцтэй байхаар тооцож тараасан"-ыг албаныхан хэлж байна. Сум бүрт долоон саналын хуудсыг нэрсийн жагсаалт дээр нэмж нөөцөөр олгожээ.
Санал хураалт дууссаны дараа хэвлэл мэдээллийн байгууллага, сонгогч, ажиглагчдын төлөөллийг байлцуулан сум, дүүргийн сонгуулийн хорооноос сонгуулийн нийт хэсгийн 50 хувийг хуульд заасны дагуу санамсаргүй сонголтын аргаар сонгож саналын хуудсыг гараар тоолж шалгахаар болсон. Өмнөх сонгуулиар техникийн буюу хяналтын тооллогыг 50 хүртэлх хувьд хийж байсан бол энэ удаад 50 хувьд хийнэ гэж заасан аж.
Б.Мөнхзул