Гар утсаа гээгдүүлж, фейсбүүк хаягаа хаалгүй орхисноос үүдсэн залилангийн хэрэг бүртгэгдээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-25 10:42:41
Ховд/МОНЦАМЭ/Техник технологи, кибер ертөнцийн хурдтай хөгжлийг дагаад хуурамч хаягаар олон нийтийн сүлжээ ашиглан найз нөхөд болон харилцах, цахим хаягаар хуурамч худалдаа, үйлчилгээний веб хуудас явуулах, хуурах, иргэний нэр хаяг, хэрэглэгчийг төөрөлдүүлж дансны болон хувийн мэдээлэл олж авч хууль бусаар ашиглан бусдын нэр хүндэд халдах, тухайн мэдээллээр бусдыг сүрдүүлэх, залилан мэхлэх гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна.

Иргэд өөрсдийн анхаарал болгоомжгүй, сонор сэрэмжгүй байдлаасаа болж гар утсаа гээгдүүлэн, фейсбуук хаягаа хаалгүй орхисны улмаас аав, ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхдийн чинь өмнөөс таны нэрийг барин таны хаягаар нэвтрэн орж мөнгө гуйвуулахыг хүсч бусдыг залилсан хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.

Иймд хэн нэгэн танаас мөнгө гуйвуулахыг хүссэн тохиолдолд заавал уг хүнтэйгээ ярих, болж өгвөл биечлэн уулзаж байж шийдэх, өөрсдийн сонор сэрэмжээ дээшлүүлэн, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулъя. Мөн та бүхэн шаардлагагүй тохиолдолд өөрийнхөө мэдээллийг бусдад өгөхгүй байх, олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байх. 
- Цахим хуудасны хандах нэрийг сайтар нягталж шалгасны дараа цахим хуудас уруу хандах.
- Үл таних хүмүүстэй харилцаа тогтоохдоо сэрэмжтэй байж, хувийн чанартай мэдээллээ бусдад задлахгүй байх, сэжигтэй зүйл илэрсэн тохиолдолд хуулийн байгууллагад яаралтай мэдэгдэх.
- Нийтийн болон найдваргүй, утасгүй интернетийг ашиглахгүй байх, ашигласан тохиолдолд хувийн мэдээлэл, хандах эрхээ нууцлахыг Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албанаас онцгойлон анхааруулж байна.
А.Бямбасүрэн
関連ニュース