Байгалийн хадлангийн ургац муу байгаагаас өвс тэжээл бэлтгэх зардал өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт 2017-2018 оны өвөл 24 сумын 115 багийн 8.8 мянган малчин өрхөд 3.7 сая мал өвөлжих төлөвтэй байна. 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Засаг даргын А/295 тоот захирамж гарган төв суурингийн болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгүүдийг томилон, ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргуулан, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.
2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах аймгийн ажлын төлөвлөгөө дөрвөн бүлэг 51 заалттай бөгөөд хэлтэс, газар, сумдад тодорхой үүрэг, чиглэл хариуцуулсан ба гүйцэтгэлд хяналт тавьж гүйцэтгэлийг тооцон ажиллаж байна. Түүнчлэн 2017 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 06 тоот Албан даалгавар гаргаж Өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлыг эрчимжүүлэхийг сумдын Засаг дарга нар, байгууллагын дарга, эрхлэгч нарт даалгаж, нэмэлт үүрэг, чиглэл өгчээ. Тодруулбал хашаа хороо, уст цэгийн, тарга хүч, отор нүүдлийн, хадлан тэжээл бэлтгэх, нөөц бүрдүүлэх, мах бэлтгэл, борлуулалтын, хүн, малын эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, газар тариалангийн, суурин газрын өвөлжилтийн, УЦУОШГазрын үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбогдол бүхий нийт 36 заалт бүхий үүрэг, чиглэл өгөгдөн ажиллаж байна хэмээн аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээлэв. Завхан аймагт энэ оны наймдугаар сард зуншлага гантай болон гандуу байгаа говийн зургаа, хойд чиглэлийн долоон суманд мэргэжлийн бүрэлдэхүүн бүхий хоёр ажлын хэсэг ажиллаж нөхцөл байдалтай танилцах, өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож зөвлөмж өгч, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэсэн байна.
Отрын нөөц, бэлчээрийн эрэлт их байна
Завханы ихэнх сумдаар зуншлага муу, бэлчээрийн гарц тааруу байгаагаас шалтгаалан отрын нөөц бэлчээрийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж байна.
Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас есдүгээр сард Багахайрханы аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээрийн төлөв байдал, бэлчээр ашиглалтын байдалд судалгаа хийжээ. Энэ судалгаагаар Бага хайрханы отрын бүс нутгийн бэлчээрийн даац 0,9 ц/га буюу 2017-2018 онд 28,9 хонин толгой малыг отроор өвөлжүүлж хаваржуулах боломжтой гэсэн дүн гарчээ. Бага хайрханы аймаг дундын отрын бүс нутагт долоон сумын 280,8 мянган мал оруулах саналыг холбогдох газарт нь хүргүүлсэн байна. Харин Их-уул, Тосонцэнгэл, Отгон сумдаас Архангай, Хөвсгөл, Баянхонгор, аймгуудад 65 өрхийн 56,0 мянган мал отроор өвөлжихөөр урьдчилсан мэдээ өгсөн байна. Мөн Тарвагатайн нурууны Байгалийн цогцолбор газарт 26,8 мянган мал, Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газар 11,6 мянган мал өвөлжүүлэхээр болжээ.
Байгалийн хадлангийн ургац муу, бэлтгэгдэх өвс тэжээлийн зардал өсчээ
Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Улсын нөөцийн таван цэг салбарт нэмж 700 тн өвс, 700тн тэжээл, Тосонцэнгэл сумд 200 тн, Улиастай сумд 200тн, бусад гурван цэгт тус бүр 100 тн тэжээл нэмж нөөцлөхөөр төлөвлөгдөн, сонгон шалгаруулалт явагджээ.
Аймгийн өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэхэд 100 сая төгрөг Орон нутгийг хөгжүүлэх сангаас зарцуулахаар төлөвлөж хоёр удаа сонгон шалгаруулалт зарласан боловч байгалийн хадлангийн ургац муу, бэлтгэгдэх өвс тэжээлийн зардал өссөнөөс санал болгосон үнээр өвс, тэжээл бэлтгэх хүсэлт одоогоор ирээгүй байгаа ажээ. Харин Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас Завхан аймагт хуваарилсан 50,0 сая төгрөгийг орон нутгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан аймаг, сумын өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэхэд 30,0 сая, худаг, уст цэгийн засварын ажилд 20,0 сая төргрөгийг зарцуулжээ. Энэ жил аймгийн хэмжээнд 21,1 мянган тонн байгалийн хадлан, 283,5тн гар тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэйгээр есдүгээр сарын байдлаар 5,3 мянган тонн байгалийн хадлан, 71,0 тн гар тэжээл бэлтгээд байгаа ажээ.
Гадна аймагт өвөлжих асуудал хэлэлцээрийн түвшинд байна гэв
Завхан аймгийн нийт газар нутгийн найман хувийг ойн бүс эзэлдэг, 6,7 сая га бэлчээртэй, өндөр уулын, тайгын, ойт хээр болон хээрийн олон хэв шинжийн ургамалтай.
Засаг захиргааны нэгж 24 сум, 115 багтай. Хамгийн ойр сум Алдархаан сум аймгийн төвөөс 32 км, хамгийн хол нь Баянтэс сум 305 км зайтай оршдог. Өнгөрсөн зуны ихэнх саруудад дунджаас бага хур тунадастай, халсан өдрийн тоо олон, хуурайшилтын зэрэг өндөртэй байснаас найман сум гантай, 11 сум гандуу, нийт нутаг дэвсгэрийн зураглалаар 33 хувь нь гантай, 42 хувь нь гандуу, 25 хувь нь хэвийн намартай золгосон байна. Бэлчээрийн даац олон дахин хэтэрч өвөлжилжилт хүндрэх төлөвтэй байна. Говийн бүсийн нутгаар хур тунадас багатай, халалт, хуурайшилт ихтэй газрын гарц муу байгаагаас аймаг дундын Багахайрханы бүс нутагт олон тооны мал хүлээн авах боломжгүй байгаа. Отгонтэнгэрийн Дархан цаазат газар, Тарвагатайн нурууны Тусгай хамгаалалттай газруудад бод малын отор нүүдлийн судалгааг авч холбогдох газруудад мэдээлсэн. Сумдын ирүүлсэн саналаар Хөвсгөл, Булган, Баянхонгор, Архангай, Увс аймгийн нутагт цаг үеийн байдал, намаржааны нөхцөлөөс шалтгаалан уламжлал байдлаар цөөн тооны айлууд нүүдэллэх зорилготой байгаа тул зохих түвшинд нь хэлэлцэж зохицуулалт хийхээр аймаг, орон нутгуудад албан тоотоор хүсэлтээ хүргүүлсэн тухай аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.
Б.Мягмарсүрэн