Тосонцэнгэлийн МСҮТ-ийн суралцагчид дотуур байрандаа үнэгүй суудаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэл сумын МСҮТ-ийг өнгөрсөн хичээлийн жил нийт 166 суралцагч төгсчээ. Үүнээс нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан 13, гагнуурчин 15, оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлээр 10 гэхчлэн долоон мэргэжлээр суралцаж төгссөн байна. Харин энэ хичээлийн жил Тосонцэнгэл, тойргийн 9 сум, Архангай аймгийн Цахир, Хангай сум, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Жаргал, Галт, Цагаан уул зэрэг сумдаас 12 мэргэжлээр 360 гаруй суралцагч суралцаж байна.
Эдгээр суралцагчдаас дотуур байранд 86 хүүхэд үнэ төлбөргүй хамрагдаж байна. Тус сургууль 120 суралцагчийн дотуур байртай, стандарт шаардлагад нийцсэн спорт заалтай ажээ. Дотуур байранд бүрэн хүчин чадлаар холын суралцагчдыг хүлээн авсан бөгөөд суралцагчид сард 71600 төгрөгний хоолны мөнгө авч үнэ төлбөргүй байрладаг байна. 24 хүртэлх насны суралцагч улиралд 210 000 төгрөгний тэтгэлэг авч номын сан, хурлын танхим, ресторан, урлаг соёлын заал зэрэг суралцах, өөрийгөө хөгжүүлэх таатай орчинтой ажээ. Суралцагчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, сонгон суралцах хичээл, секц, дугуйлан хичээллэдэг байна. Дашрамд энэ жил мод үржүүлгийн таван га, хүнсний ногооны гурван га фермерийн нэг га газар тус тус сургалт үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж эхэлжээ.
Б.Мягмарсүрэн