Оросын шигшээ багийн өвлийн Олимпод оролцох эрхийг хаслаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-06 10:03:08
ЛОНДОН./BBC/. Швейцарийн Лозанна хотод хуралдсан Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/ Гүйцэтгэх хороо “Орос улсын шигшээ багийг ирэх онд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн Олимпийн наадамд оролцуулахгүй” гэсэн шийдвэр гаргав.

Гэхдээ сэргээшийн асуудалд холбогдоогүй Оросын тамирчид Олимпийн тугийн дор Пёнчаны Олимпын наадамд оролцохыг ОУОХ зөвшөөрсөн байна. Гүйцэтгэх хорооноос мягмар гарагт гаргасан мэдэгдэлд “Тодорхой нэр бүхий Оросын тамирчид Пёнчаны Олимпод маш хатуу болзолтойгоор оролцох боломжтой. Эдгээр тамирчныг “Оросын олимпийн тамирчид” гэсэн нэрээр оролцуулна. Тэд зөвхөн ийм нэрээр, олимпийн далбаан дор оролцох бөгөөд ёслолын ажиллагааны үеэр зөвхөн олимпийн сүлд дуулал эгшиглэх болно" гэжээ.

Энэ нь Оросын олимпийн хорооны эрхийг хассан гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Пёнчаны Олимпийн үеэр Оросын төрийн далбаа намирахгүй, тус улсын төрийн сүлд дуулал эгшиглэхгүй гэсэн үг. ОУОХ сэргээшийн асуудлаар тухайн улс орны тамирчдыг олимпод оролцуулахгүй байх шийдвэр гаргасан анхны тохиолдол нь энэ болж байна. Пёнчаны тоглолтод урилгаар оролцох Оросын тамирчдын нэрсийг Валери Фурнероноор ахлуулсан ОУОХ-ны ажлын хэсэг гаргах аж.

Мөн ОУОХ ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд бөгөөд Спортын сайд асан Виталий Мутко, Спортын дэд сайд асан Юрий Нагорных нарыг цаашид болох Олимпийн тоглолтуудад оролцуулахгүйгээр шийдвэрлэжээ. Түүнчлэн 2014 оны Сочигийн Олимпийг Зохион байгуулах хорооны тэргүүн Дмитрий Чернышенког “Бээжин-2022” өвлийн Олимпийн наадмын зохицуулах комиссын бүрэлдэхүүнээс хассан байна.
Э. Аянзаяа
関連ニュース