Баруун бүсийнхний хүүхдүүдэд А, Д аминдэмийн дутагдал их байгаа нь судалгаагаар гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-05 17:03:36
Говь-алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн салбарын “Удирдах ажилтны зөвлөлгөөн” "Эрүүл мэндийн даатгалыг Иргэн бүрт" зорилго дор 2018 оны 3 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү зөвлөлгөөнд аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, тасгийн эрхлэгч, албадын дарга, зөвлөх эмч нар, 22 сумын ӨЭМТ-ийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн дарга нар, аймгийн “Эм” холбооны тэргүүн, аймгийн ИТХ-д сонгогдсон эмч нар гээд нийт 70 орчим эрүүл мэндийн салбарын ажилтнууд хамрагдав. 
Монгол Улсын Засгийн газар, аймгийн ИТХ-аас энэ оныг “Хариуцлага, сахилгыг сайжруулах жил” болгон зарласантайгаар холбогдуулан эхний өдөр “Хариуцлага хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд сахилга, хариуцлага, ёсзүйн асуудлуудаар зөвлөлгөөнөө өрнүүлсэн бол хоёр дахь өдөр “Эрүүл мэндийн даатгалыг Иргэн бүрт” хэмээх дэвшүүлсэн зорилгынхоо дор мэдээ, мэдээлэл солилцсон юм. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд оролцож, аймгийн Эрүүл мэндийг салбарын ажилтнуудыг гадаадын орнуудын адил төстэй эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг үзүүлэх, арга туршлагыг нь судлуулахад анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.
Түүнчлэн зөвлөлгөөний үеэр энэ оны хоёрдугаар сарын 22-ны өдөр гаргасан “Хүн амын хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаа”-нд баруун бүсийн аймгуудын хүүхдүүд А, Д аминдэмийн дутагдал бусад аймгуудынхаас илүү байна гэж дүгнэгдсэн тул орон нутгийнхаа хүүхдүүдийг хэрхэн хамгаалж, хамтарч ажиллах вэ, хоол тэжээлийн байдлыг хэрхэн сайжруулах, иргэдийн зан үйлийг ямар замаар өөрчлөх вэ гэдэгт дүгнэлт ярилцлага, санал хэлэлцүүлгийг хийж, үр дүнд нь хооллолтын чиглэлээр тодорхой интервенцүүдийг гаргаж, нэгж бүрт хэрэгжүүлэх зорилт тавиад байна. 
Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар нь энэ онд өмнө нь хэрэгжиж байсан дэд хөтөлбөрүүд, тэр тусмаа аливаа өвчлөлийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх, БЗХӨ, сүрьеэгийн эрт илрүүлэлт, түүний эмчилгээний асуудлыг сайжруулах, эх хүүхдийн эрүүл мэндийн хяналт, чанарын асуудалд анхаарах, амны хөндийг эрүүлжүүлэхэд чиглэсэн олон хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
 
Э.Нарангэрэл
 
関連ニュース