Архангай аймаг нэгдүгээр улиралд төсвийн орлогоо 150 орчим хувиар давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-04-11 22:56:36
Архангай /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2018 оны эхний 3 сард аймгийн төсөвт 5826,9 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 6454,3 сая төгрөгийн орлого оруулж төлөвлөгөөг 110,8 хувиар биелүүлсэн байна. Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 1256,3 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 1883,7 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 149,9 хувиар биелүүлжээ.

Аймгийн төсвийн орлогын 70,8 хувийг тусламжийн орлогоор, 19,8 хувийг орлогын албан татвараар, 1,3 хувийг өмчийн татвараар, 0,7 хувийг тусгай зориулалтын орлогоор /Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн/, 3,4 хувийг бусад албан татвараар, 2,5 хувийг татварын бус орлогоор, 1,5 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна.

Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар 65,7 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 426,9 сая төгрөг, агаарын бохирдлын төлбөрөөр 3,3 сая төгрөг бүгд 495,9 сая төгрөгийг шилжүүлжээ.

Орон нутгийн төсвийн байгууллагуудын зарлагын хэмжээ 14030,1 сая төгрөг байгаагийн 53,7 хувийг цалин хөлсөнд, 6,4 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 39,9 хувийг бараа үйлчилгээ болон бусад зардалд зарцуулжээ. Эдийн засгийн салбараар харвал 31,4 хувийг нийтийн ерөнхий үйлчилгээнд, 57,4 хувийг боловсролын салбарт, 10,0 хувийг эрүүл мэндийн салбарт, 0,7 хувийг барилга хот байгуулалтын салбарт, 0,5 хувийг бусад салбарт зарцуулсан байна. 
Б.Гэрэлт-Од
関連ニュース