Оросын барилгын гэрээний өртөг 1 тэрбум долларт хүрч магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-12-01 16:53:05

МОСКВА. /rcmm/. Монгол Улстай Оросын компаниудын байгуулах барилгын гэрээний өртөг 1 тэрбум долларт хүрч магадгүй.

Энэ тухай найрсаг энэ улсын нийслэл Улаанбаатар хотод 11 дүгээр сарын 27-нд болсон барилгын асуудал хариуцсан Орос-Монголын ажлын хэсгийн анхны хуралдааны үеэр мэдээлжээ. Уг уулзалтад ОХУ-ын Барилга, орон сууц, нийтийн үйлчилгээний дэд сайд Андрей Чибис оролцсон тухай тус яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Тус яамны хэвлэлийн албаны төлөөлөгчдийн онцлон дурдсанаар, Оросын төлөөлөгчдийг айлчлахаас өмнө Монголын Засгийн газар Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг концессийн гэрээгээр шинэчлэх тендер зарлажээ. Хэлэлцэн тохиролцсон гэрээний хүрээнд уг тендерт “Мортон” групп оролцоно гэж Андрей Чибис хэлсэн байна.

“Зөвлөлтийн үед байгуулсан цэвэрлэх байгууламжийг шинэчлэн засах эрхийг чухам Оросын компани авна гэдэгт бид найдаж байна. Энэ нь Орос-Монголын ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх анхны томоохон төсөл болно” гэж тэрбээр онцлон дурджээ.

Монголын тал мөн “Яармаг” орон сууцны цогцолбор байгуулахад, тээврийн системийн төсөл хэрэгжүүлэхэд болон Улаанбаатар хотын эргэн тойронд тойрог зам тавихад «Мортон» группыг  оролцуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Д.Жаргал

 

関連ニュース