Аймгийн аварга тогоочдыг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-05-21 17:12:51
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн аварга тогооч, зөөгч, талх нарийн боов үйлдвэрлэгч, оюутан тогооч шалгаруулах уралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун-Урт суманд боллоо. Тогооч нарын ур чадварын уралдаанд 70 гаруй тогооч оролцож, ур чадвараа сорин өрсөлдсөн байна.

Ур чадварын уралдаан нь сургууль цэцэрлэг эмнэлгийн тогооч, ресторан зоогийн газрын тогооч, оюутан тогооч, нарийн боов, шилдэг зөөгч, шилдэг брэнд хоол, гран при шилдэг баг гэсэн долоон төрлөөр явагджээ. Харин шүүгчдээр Монголын хоол үйлдвэрлэл үйлчилгээний мэргэжлийн боловсролын академийн ерөнхийлөгч Ш.Эрдэнэхүү, Монголын тогооч нарын холбооны дэд ерөнхийлөгч Г.Цэцэнбаяр, Хоол шим судлалын зөвлөх багш С.Эрдэнэчимэг нарын тэргүүтэй хүмүүс ажилласан байна.

“Бид өнгөрөгч амралтын өдрүүдэд ХАА-н салбарынхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлахын зэрэгцээ ААШ тогооч, зөөгч, талх нарийн боов үйлдвэрлэгч шалгаруулах уралдаан мөн тогооч нарынхаа мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх сургалтууд, спортын арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. ААШ уралдааны тухайд брэнд хоол, оюутан тогооч зэрэг төрлүүдийг нэмсэн нь өмнөх жилүүдээс онцлог байсан. Ялангуяа оюутан тогоочийн тухайд МСҮТ-д суралцагчдад урам зориг өгөх, мэргэжлийн тогооч нарын туршлагаас судлах гээд үнэхээр шинэлэг ажил болж чадсан. Тогооч нарын мэргэжил олгох, зэрэг ахиулах сургалтанд 35 тогооч хамрагдаж, мэргэжлийн үнэмлэх чадамжийн гэрчилгээгээ гардаж авлаа. Мөн эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх сургалтанд есөн сумын төрийн байгууллагын тогоочийг хамрууллаа.” гэж аймгийн ХХААГ-ын Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний  албаны дарга Б.Алтаннавч хэлэв.

Хоёр өдөр үргэлжилсэн ур чадварын уралдааны шилдэг багаар Цайрт минераль ХХК-ийн нэг, хоёрдугаар багууд шалгарсан бол гуравдугаар байрыг Сүхбаатар сумын тогооч нарын баг эзэлжээ.

Энэ үеэр аймгийн засаг Ж.Эрдэнэбаатар тогооч нарын ур чадварын уралдаанд амжилт гаргасан тогооч нарт хүндэтгэл үзүүлж, гадаадад аялах эрхээр шагнасан байна.
Т.Одончимэг
関連ニュース