Хүчирхэг нударга ба Ойрхи Дорнодод хутгасан бантан: Путин парламентдаа юу хэлсэн бэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-12-04 08:00:56

МОСКВА. /TASS/. Холбооны улсын хурал буюу парламентдаа тавьдаг жил тутмын 12 дахь илгээлтээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин олон улсын терроризмтой тэмцэж буй Оросын цэргийн албан хаагчдад талархлаа илэрхийлэн, үүргээ гүйцэтгэж явахдаа террористуудын гарт амь үрэгдсэн Оросын бүх иргэнийг дурсан нэг минут дуугаа хураасны дараа эхлүүллээ.

Терроризмтой хийж буй тэмцэл ба Оросын эв нэгдлийн тухай

Дээрэмчдийн гол тулгуурыг нураахын тулд бараг 10 жил зарцуулсан.

Бүх маргаан, санал зөрөлдөөнөө орхиж, олон улсын эрх зүйн үндсэн дээр болон НҮБ-ын ивээл дор үйл ажиллагаагаа явуулах хүчирхэг ганцхан нударгыг бий болгож, терроризмой тэмцэх нэгдмэл фронт байгуулах ёстой ...

Бид террористуудтай гэмт хэргийн, цуст ямар ч бизнес хийгээгүй.

Энд улс төрөөс хол, тэр ч байтугай миний хувьд огт санаанд оромгүй хүний хэлсэн үгийг иш татья. Энэ бол Дмитрий Иванович Менделеевийн 100 жилийн өмнө хэлсэн үг юм. Тэрбээр хэлэхдээ, “Биднийг салган бутаргахыг оролдсон бүхнийг шууд устга. Дайн тулаанд, гэр бүлээ энэрэн хайрлахад, ард түмэн өсөн үржихэд болон бидний дотоод эд баялаг байгалийн жамаар өсөн нэмэгдэхэд болоод эв эеийг хичээхэд бидний хүч нэгдмэл” гэжээ. Энэ бол бидэнд хандаж хэлсэн гайхалтай үг.

Ойрхи Дорнодын байдлын тухайд

Өөрт тохиромжгүй дэглэмийг зайлуулахыг хэн хүссэнийг мэдэж байгаа. Өөрийн дүрэм журмыг бусдад тулгах нь бүдүүлэг хэрэг юм. Үр дүн нь юунд хүргэсэн бэ? Бантан хутгаж, засаг төрийг нурааж, ард түмний хооронд яс хаяж, харин дараа нь оросууд бидний ярьдагчлан өөрсдөө цэвэр үлдэж, хэт давруу үзэлтнүүдэд, террористуудад замыг нь нээж өгсөн.

Турк-Сирийн хил дээр болсон Су-24 бөмбөгдөгчтэй холбоотой үйл явдлын тухайд

Бид зэвсгээр далайлгах гээгүй бөгөөд үүнийг ч хийхгүй. Гэхдээ хэрэв хэн нэгэн жигшүүртэй цэргийн гэмт хэрэг үйлдэн, манай хүмүүсийг хөнөөснөөр тэд улаан лоолиос эсвэл барилгын болон бусад салбарт ямар нэг хязгаарлалтаас ангижирна гэж бодож байвал, энэ бол том эндүүрэл юм.

Магадгүй үүнийг тэд яагаад хийснийг зөвхөн Аллах л мэдэж байгаа байх. Тэгээд Аллах Туркийн эрх баригчдын ухаан санааг нь самууруулж шийтгэсэн бололтой.

Харин Туркийн ард түмэн сайхан сэтгэлтэй, хөдөлмөрч, авьяаслаг. Туркт бидний хуучны, итгэлтэй анд нөхөд олон бий.

Дотоод бодлого ба удахгүй болох Улсын Думын сонгууль

Намын удирдагчид, удахгүй болох сонгуулийн үйл явцад оролцогсдод болон олон нийт- улс төрийн бүх хүчинд хандаж хэлэхэд нэрт түүхч Николай Михайлович Карамзины үгийг иш татахыг хүсч байна. Тэрбээр “Өөрөө өөрийгөө хүндэлдэггүй хүн бусдыг хүндэлдэггүй. Бид Эх орноо сохроор хайрлах ёстой бөгөөд бид бүхнээс илүү мундаг гэж би хэлэхгүй. Гэхдээ орос хүн өөрийнхөө үнэ цэнийг мэдэх ёстой” гэжээ.

Авлига Оросын хөгжилд хэрхэн саад болж байгаа тухайд

Хүнд гэмт хэрэг үйлдэж, хүний амьдралд, олон нийтийн болон улс орны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсан хүмүүсийн хувьд хууль хатуу байх ёстой. Мөн мэдээж хэрэг амьдралдаа алдаа оноо гаргаж бүдэрсэн хүмүүст хууль энэрэнгүй хандах ёстой.

Оросын эдийн засгийн тухайд

ОХУ эмзэг сул дорой байх ёсгүй.

Бидэнд маш олон зүйл амар хялбар биш байгааг мэдэж байгаа. Эдийн засгийн хүндрэл орлогод, улмаар манай ард түмний амьжиргааны түвшинд бүхэлдээ нөлөөлж байна. Хүндрэл бэрхшээлийг хэзээ бид даван туулах вэ, үүний тулд бид юу хийх ёстой вэ? гэдэг асуултыг хүмүүс тавьж байгааг маш сайн ойлгож байна.

Байдал үнэхээр хүнд байна, гэхдээ би энэ тухай хэдийн ярьсан, харин эдийн засгийн байдал маш хүнд байдалтай биш байгааг би дахин хэлэхийг хүсч байна.

Д.Жаргал  

 

関連ニュース