Увс аймаг эко жорлонтой болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-08-30 16:05:57
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан өнөөдөр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Этис хөтөлбөрийн зохицуулагчтай эко жорлон байршуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Эхний ээлжинд туршилтын байдлаар 9 сая төгрөгийн санхүүжилттэй гурван эко жорлонг байршуулахаар болсон байна.
Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий “Ундрал” нөхөрлөлд нэг эко жорлонг өгөх бол үлдсэн хоёрыг нь аймгийн ЗДТГ-т зохион байгуулагдах томоохон арга хэмжээн дээр ашиглах зориулалттайгаар зөөврийн байдлаар байршуулахаар боллоо. Үүнээс гадна аялал жуулчлалын маркетингийн судалгааны ажлын хүрээнд Увс аймгийн байгалийн үзэсгэлэнт газрын зургуудаар альбом хийх, видео мэдээлэл бэлтгэх, зургийн фондтой болох зориулалтаар тус төслөөс 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх гэрээнд мөн гарын үсэг зурлаа.
Увс аймаг бол аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой газар юм. Тийм ч учраас жилээс жилд Увс аймгийг зорих жуулчдын тоо нэмэгдэж байна. Харин жуулчдын тав тухыг хангах, байгаль эх дэлхийгээ хамгаалахын тулд жорлонгийн асуудлыг зайлшгүй шийдэх шаардлагатай байгаа юм.
Хүн ам шигүү суурьшсан газруудад нэг хашаанд дунджаар 2-3 айл байдаг бөгөөд айл бүрийн 4-5 хүний өдөр бүрийн 3-4 удаагийн хэрэглээ нь газрын гүний хөрсөнд оршдог үй түмэн усан судлуудыг нэвчиж, бидний амин хэрэглээ болсон газрын гүний цэвэр усны нөөцийг хордуулж байдаг аж. Өнөөдөр байр орон сууцанд боловсон жорлондоо тухалж байгаа хүмүүст нүхэн жорлонгийн шинэчлэл огт хамаагүй мэт ойлгогдох боловч, харамсалтай нь бодит амьдрал дээр бидний газар доорх усны нөөц нэг л болохоор тэр нөөц бохирдвол байрны хүмүүс ч өтгөний нянгаар өвчлөх, халдварлах магадлал өндөр болоод байгаа юм. Чухам ийм л учраас Жорлонгийн шинэчлэлийг нэн даруй, хүн бүрийн оролцоотойгоор эхлүүлэх, өрнүүлэх шаардлагатай байгаа аж.
Б.Батхүү
関連ニュース