Ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-09-12 15:31:44
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн эрүүл мэндийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг Чинмэнд эмнэлэг Япон Улсын “Olympus” брэндийн “Optera” загварын хамгийн сүүлийн үеийн NB1 технологи бүхий төхөөрөмжийг нэвтрүүлж, эмнэлэгтээ төдийгүй нийт ард иргэдийнхээ эрүүл мэндэд том хөрөнгө оруулалт хийлээ.
Энэхүү төхөөрөмж нь ходоод, улаан хоолойн хорт хавдрыг болон бусад өвчлөлийг салстын түвшинд буюу эрт үед оношлох бүрэн боломжтой ба Монгол Улсад оруулж ирсэн анхны төхөөрөмж гэдгээрээ онцлог юм. Тус нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд ард иргэд болоод БОЭТ-ийн төлөөллүүд оролцож, эрүүл мэндийн зөвлөгөө аван цагаан хоолны амталгаа хийсэн юм.
Монгол Улс ходоодны хорт хавдраар дэлхийн хэмжээнд хоёрт, ходоодны хорт хавдрын улмаас нас баралтаар эхний байранд орж байна. Энэ нь манай иргэд ходоодны дурангийн шинжилгээнээс айж, дурандуулахаас татгалздагтай холбоотой. Ходоодны хорт хавдрын 80 хувь нь эцсийн шатандаа оношлогддог тул нас баралт өндөр байдаг байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ