Террорист “Талибан” бүлгийн олон арван босогч амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-09-14 16:42:31
КАБУЛ. /Синьхуа/. Афганистан улсын зүүн нутгийн Газни муж дахь террорист “Талибан” бүлгийн босогчдын байрладаг байр руу пүрэв гарагт Афганы агаарын цэргийн хүчнээс цохилт өгснөөр уг бүлгийн 25 босогч амь үрэгдсэн тухай тус улсын Батлан хамгаалахын сайд баасан гарагт мэдээлэв.

Үүний зэрэгцээ босогчдыг тээвэрлэдэг нэг тээврийн хэрэгсэл болон алсын тусгалтай хоёр их буу агаарын цохилтод өртсөн гэж дээрх яамны мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Харин энэ талаар “Талибан” бүлгээс ямар нэг хариу мэдэгдэл хийгээгүй байгаа юм байна.

Наймдугаар сарын эхээр “Талибан” бүлгийнхэн Газни хотыг эзлэн түрэмгийлсэн ба тав хоног үргэлжилсэн мөргөлдөөний үеэр маш олон энгийн иргэн, аюулаас хамгаалах хүчнийхэн амиа алдаж, шархадсан ажээ.

Афганистан улсад ирэх 10 дугаар сарын 20-нд парламентын болон мужийн зөвлөлийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан АНУ тэргүүтэй НАТО эвслийн дэмждэг Афганы аюулаас хамгаалах хүчин сүүлийн хэдэн сарын хугацаанд “Талибан” бүлгийн босогчдын эсрэг газрын болон агаарын цохилтоо нэмэгдүүлсэн байна.
 Э.Хулан
Холбоотой мэдээ